Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц тэргүүтэй албаны хүмүүс Баянгол дүүргийн XV хороо, 40-р сургуулийн баруун талд шинээр баригдаж буй спорт цогцолборын барилга угсралтын явцтай танилцлаа.
Энэхүү төсөл уг нь 2014 онд эхэлсэн боловч 2016 онд хөрөнгө оруулалтыг нь зогсоож царцаасан байна. Улмаар өнгөрсөн 2020 онд царцаасан барилгын жагсаалтаас гарч барилгын ажлыг үргэлжлүүлжээ.
Эл спорт цогцолбор нь үндсэн гурван хэсэгтэй юм.
Нэгдүгээр блок нь Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хорооны буюу оффис,
Хоёрдугаар блок нь 25 метрийн дөрвөн зам бүхий усан бассейн, сургуулийн өмнөх насны багачуудад зориулсан 3х3 хэмжээтэй жижиг бассейн, 200 үзэгчийн суудлаас бүрдэх аж.
Гуравдугаар блок нь спортын тэмцээн уралдаан, бэлтгэл сургуулилт явагдах боломжтой, стандарт бүхий 200 үзэгчийн суудалтай, хоёр спорт заалтай юм байна. Мөн гаднах ил талбайд болон B1 давхартаа үйлчлүүлэгчдийн автомашиныг байрлуулах зогсоолтойгоор хийгджээ.
Ашиглалтад хүлээлгэн өгөх хугацааг нь ирэх тавдугаар сарын 1 байсан боловч дэлхий нийтийгхамарсан цар тахлын улмаас ажлын явц бага зэрэг удааширчээ. Хил гааль хаагдсантай холбоотойгоор усан бассейны хэсэгт шаардлагатай тоног төхөөрөмж хил дээр гацжээ. Ямартай ч энэхүү спорт цогцолбор энэ онд ашиглалтад орох юм байна. Төслийн гүйцэтгэгчээр “Молор Констракшн” ХХК ажиллаж байна.
Б.Эрдэнэ