Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт дөрөвдүгээр сарын 7-нд иргэдээс нийт 358 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 11 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.35 минут байна.
Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 49 иргэн хандсанаас 25 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 24 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа. Иргэдээс ирсэн дээрх дуудлагын 122 буюу 34.1 хувийг машин ачилт, 77 буюу 21.5 хувийг өргөдөл, гомдол бүртгүүлэх, явц, хариу лавлаж асуусан дуудлага эзэлсэн байна.
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт вакцинжуулалттай холбоотой иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад хариулт өгье.
-Коронавирусийн вакцин хийлгэхийн өмнө биеэ хэрхэн бэлдэх вэ?
-Вакцин хийлгэхээс өмнө сүүлийн нэг сард ямар нэг вакцин хийлгээгүй, архи согтууруулах ундааг өмнөх өдөр нь хэрэглээгүй, тухайн вакцины талаар мэдээлэл авсан байх хэрэгтэй. Мөн эмчийн үзлэгт орохдоо харшилтай эсэх, ямар өвчин зовуурь байдаг талаар эмчдээ өөрийгөө сайн илэрхийлэх, дулаан хувцаслах, заавал вакцинжуулалтын цэгт очиж хийлгэх, халдвар хамгааллын дэглэмийг ягштал баримтлах шаардлагатай юм.
-Вакцин хийлгэсний дараа юунд анхаарах вэ?
-Вакцин хийлгэсний дараа тарьсан хэсгийг хөндөхгүй, хоёр хоног ус хүргэхгүй, дулаан хувцаслах, даарахгүй байх, согтууруулах ундаа хэрэглэхгүй, гараа ариутган, амны хаалт зүүнэ. Хэрэв халуурах, ханиах шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт залгаж зөвлөгөө аваарай. Харин вакцин хийлгэсэн хэсэгт боолт хийх, эм, тос тавих, хөхний сүү, гялгар уут зэрэг зүйлээр жин тавьж болохгүй бөгөөд хоёр дахь тунгаа товлолт хугацаанд хийлгэх нь хамгийн чухал юм.
-Вакцин хийлгэснээр ямар хариу урвал илэрч болох вэ?
-Дархлаажуулалтын дараа, толгой өвдөх, чичрүүдэс хүрэх, дотор муухайрах, халуурах, тариулсан газар хөндүүрлэх, хавдах, халуу оргих, бөөлжис хүрэх зэрэг ерөнхий хариу урвал эхний 20-30 минутад илэрдэг.
НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ