УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн туслахаас ковид-19 халдвар илэрч, цахимаар ажиллахаар болсон байна

УИХ-ын гишүүн С.Чинзориг болон Э.Бат-Амгалан нарын ажлын албаны хоёр хүнээс Коронавирусын халдвар илэрсэн байна. Энэ талаар гишүүн Э.Бат-Амгалан цахим хуудсаараа мэдэгдэж, үйл ажиллагаагаа цахимжуулж байгаа талаар бичжээ.

Тэрбээр “Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе! Олон нийтийн сүлжээнд миний болон УИХ-ын гишүүн С.Чинзоригийн туслах нараас Коронавирусын халдварын эерэг тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлэл гарчээ.

Манай ажлын алба нийт 5 алба хаагчтай бөгөөд 1 зөвлөх, 1 туслах, 3 бие төлөөлөгчтэй үйл ажиллагаа явуулдаг.

Бид Коронавирус цар тахлын эсрэг “Далайд дусал нэмэр” аяныг санаачилж 100 гаруй ААН, иргэдийн 110 сая төгрөг, шаардлагатай хүнсний багц, амны хаалт зэргийг дүүргийнхээ 20.000 өрхөд түгээгээд байна. Үүнтэй холбоотойгоор манай Ажлын албаны залуучууд цаг тухай бүрд нь ковидын эсрэг шинжилгээ болон дархлаажуулалтад хамрагдаад байна.

Манай ажлын албанаас явуулж буй энэ их ажил, хичээл зүтгэлийн хажуугаар туслахаас маань коронавирусын эерэг тохиолдол бүртгэгджээ.

Үүнтэй холбогдуулан би бөгөөд манай ажлын алба цаашид цахимаар ажиллах шаардлагатай болсон бөгөөд Улсын Их Хурлын чуулган, холбогдох байнгын хорооны хурал, хуваарийн дагуу уулзалтыг цахим хэлбэрээр хийж байна.

Өнөөдөр л гэхэд Монгол Улсад шинээр 575 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд иргэд та бүхнийг халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөж, дархлаажуулалтад хамрагдаж ковидгүй зуны төлөө хамтдаа зүтгэхийг уриалж байна.

Ковидгүй Зуны төлөө хамтдаа!” гэжээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн