Дэлхийн хэмжээнд “COVID-19”-ийн эсрэг вакцины жирэмсэн хүнд үзүүлэх нөлөөг судлах эмнэлзүйн туршилтын ажил явагдаж байна. Эцсийн үр дүн бүрэн мэдээлэгдээгүй байгаа.
Гэсэн ч жирэмслэхээр төлөвлөж байгаа эмэгтэйчүүд вакцин хийлгэсний дараа нэг хэсэгтээ жирэмслэхээс хамгаалах аргуудыг хэрэглэх нь зүйтэй гэж зөвлөмөөр байна. Учир нь жирэмсний эхний гурван сард ураг бүрэлдэх процесс явагддаг тул энэ хугацаанд аливаа эм, вакцин болон био бэлдмэл хэрэглэхийг төдийлөн зөвлөдөггүй.
Хэрэв вакцин хийлгэсний дараа жирэмсэлснээ мэдсэн тохиолдолд бид шууд жирэмслэлтийг зогсоохыг зөвлөхгүй. Мөн халдварын эрсдэлээс шалтгаалж хөхүүл эмэгтэйчүүдийг вакцинд хамрагдахыг зөвлөж байна гэж ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан өнөөдрийн ЭМЯ-ны мэдээллийн үеэр хэллээ.
Л.Баяр