Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өнөөдөр (2017.06.26) өглөө 07.00 цагт орон даяар эхлэв.Улсын хэмжээнд сонгогчдын саналыг авах 1983 хэсэг ажиллаж байна. Ерөнхийлөгчийг сонгох сонгогчдын нэрсийн жагсаалтад 1. 978.298 иргэн бүртгэгдсэн байгаа. Нийслэлийн хэмжээнд 941.536 сонгогч саналаа өгөх бол тэдний 207.620 нь Сонгинохайрхан дүүрэгт, 225.206 нь Баянзүрх, 144.434 нь Баянгол, 96.148 нь Сүхбаатар, 110.883 нь Хан-Уул, 110.643 нь Чингэлтэй, 19.539 нь Багануур, 2799 нь Багахангай,24.241 нь Налайх дүүрэгт саналаа өгнө.
Монгол Улсын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдөр буюу өнөөдөр бүх нийтийн амарч байгаа. Өнөөдөр ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүд ажилчиддаа сонгуульд оролцож санал өгөх чөлөө олгохыг Нийслэлийн сонгуулийн хороо сануулаад байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн санал хураалт үргэлжилж, нийслэлд саналаа өгч буй сонгогчдод саналаа өгснийг нь илэрхийлэх бэхэн тэмдэглэгээ хийж байна. Харин бэх дууссан шалтгаанаар орон нутгийн сонгогчдод бэхэн тэмдэглэгээ хийхгүй байгаа аж.
Санал хураалтын энэ өдөр малын халдварт өвчин гарснаас шалтгаалан хорионд байгаа Сонгинохайрхан дүүрэг, сонгуулийн 1813 хэсгийн хорооны 13 өрхийн 30 сонгогчийн саналыг Мал эмнэлгийн байгууллага болон нийслэлийн Сонгуулийн хороо хамтран зөөврийн хайрцагаар саналыг авах юм байна.
Гадаадад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын 7209 иргэний 4816 нь энэ сарын 10,11-нд Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгсөн. Өнөөдөр тэдний саналыг 22.00 цагт,орон даяар явагдаж дууссан санал хураалттай зэрэгцэн санал хураах төхөөрөмжид хийж тоолох гэнэ.
Харин иргэний үнэмлэхээ хаяж гээсэн, сонгуулийн санал өгөх өдрөөс өмнө шинээр захиалж авах боломжгүйгээс шалтгаалан сонгуульд оролцох эсэхтээ эргэлзэж байгаа иргэд харьяа сонгуулийн хэсгийн хороон дээр очоод хурууны хээгээ уншуулаад саналаа өгөх боломжтой юм.
1 comment
Энэ хавтас нь асуудал.
Саналын хуудас бутнээрээ орохгуй.
Энхболдыг дугуйлсан эсэх нь шууд харагдаж бн лээ.