Цорын ганц байдаг үзэсгэлэнт байгаль, хүн төрөлхтөний сод бүтээл болсон гайхамшигт уран барилгууд гээд аялагчдын анхаарлыг татаж, сэтгэлийг нь гижигдсэн зүйл энэ хорвоод олон бий. Энэ удаа дэлхийн аялагчдыг соронзон мэт татдаг хойд хөрш, Орос орны гайхамшигт газрын тухай өгүүлье. Жил бүр олон мянган хүний хөлд дарагддаг Камчаткийн хойгийн үзэсгэлэнт байгалийг үгээр илэрхийлэх аргагүй.

Камчаткийн галт уулс ба Халуун оргилуур

Галт уулс нь уухилан турхирч, халуун оргилуурууд буцлах Камчаткийн хойг бол жинхэнэ “галт” газар юм. Түүнээс гадна жинхэнэ онгон зэлүүд байгальтай дэлхийн цөөн газрын нэг. Энд аварга хүрэн баавгай жуулчны майхан руу шагайж, яргай згас цэнгэг усанд ил сэлж харагдана. Ховор ургамалын тухай ярих юмгүй. Камчаткад байгалийн давтагдашгүй 182 бүтээл тэмдэглэгджээ.

Жуулчид энд оргилж байгаа галт уул үзэхээр юм уу загас барихаар ирдэг. Яг өнөөдөр Камчаткад 160 сөнөсөн галт уул, 28 идэвхитэй галт уул байна. Карымийн галт уул хамгийн идэвхитэй нь бөгөөд сүүлийн 200 жилд 200 удаа оргилжээ. Гэтэл энэ уулын өрхөн дор нэг нуур бий.

Хамгийн анх Камчаткийн тухай тайлбарлаж бичсэн хүн нь Атласов бөгөөд 1701 онд номоо бичжээ.

Камчаткийн хамгийн хосгүй үзэгдэл нь галт уулын оргилолт юм. Улайдсан чулуунуудыг яг л ёслолын буудлага шиг тэнгэрт чулуудна. Галт уулын өрхнөөс галан лав урсах бөгөөд газар дэлхий тэр чигээрээ доргидог. Үүнийг үзсэн ямар ч хүн агуу байгалийн дэргэд өчүүхэн гэдгээ мэдэрдэг байна.

Тийм ч учраас Камчаткийн галт уулыг ертөнцийн гайхамшигт тооцдог. Оргилж байгаа галт уулыг олж үзэх нь хэн хүнд тохиох аз биш. Галт уулуудын дунд аварга хөндийнүүд байдаг. Тэнд газар амьсгалах шиг болно. Шавар тогоонууд буцалж, халуун рашаанаас ууран багана дэгдэж, өнгө өнгийн гол горхи хоржигнон урсаж, жижиг шавар галт уулнууд тургилна.

Камчаткт ирж эндхийн байгалийн дүр төрхийг харахад энд тэндгүй галт уулын тогоо үзэгдэх нь сарны гадарга ч юм уу алс холын гариг дээр ирсэн мэт сэтгэгдэл эрхгүй төрүүлдэг байна. 1981 онд болсон хар шуурганы шавар ба чулуун урсгал Халуун оргилуурын хөндийн олон булагийг дарж сүйтгэжээ.

2007 онд бас нэгэн эмгэнэлт явдал болсон байна. Хөрсний гулгалт болж голын усыг хааснаар хөндийн ихэнх хэсэг усанд живжээ. Байгалийн давтагдашгүй төрх устсан тухай дэлхий даяар шуугиж байсан юм. Гэвч хэсэг хугацааны дараа Халуун оргилуурын хөдий хүний тусламжгүй өөрөө сэргэж эхэлжээ. Усны түвшин доошилж, халуун оргилуурууд дахин ажиллаж эхлэв. Хөрсний гулгалтын дараа харин ч эсрэг юм бол шинэ булаг олноор үүссэн ба улаан цэнхэр гэх мэт гайхалтай чулуунууд ир гарчээ.

Камчаткт ирсэн хүн бүр Халуун оргилуурын хөндийгөөр ордог. Энд 40 гаруй халуун оргилуур өөр өөрийн хуваарийн дагуу оргилж байдаг. Зарим нь 10 минутын зайтай, зарим нь таван цагийн зайтай оргилно. Өнгө өнгийн чулуутай, өтгөн өвс ба ойгоор хучигдсан үзэсгэлэнт уулнууд хараа булаана.

Халуун оргилуурын хөндийг саяхан буюу 1941 онд тохиолдлоор нээжээ. Тэгэхэд дархан цаазат газрын ажилтнууд Шумной голоор өгсөж яваад эрэг дээр нь буудалласан юм. Гэнэт нөгөө эргээс халуун ус цацарчээ. Гэхдээ аз болоход хүн түлээгүй. Энэ усан оргилуурт Ууган гэж нэр өгсөн байна. Дараа нь бүх оргилуурт нэр өгчээ.

-Үзэсгэлэнт сайхан халуун оргилуурын хөндий нь бас аюултай. Гэнэт халуун ус оргилж жуулчдын гар хөлийг түлдэг. Гоёмсог ногоон зүлгээр хучигдсан сайхан нуга газрууд хамгийн аюултай байдаг байна.

Эх сурвалж: Монголчуудын очих ёстой 100 газар номоос

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн