Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу маргаашаас энэ сарын 18 хүртэл Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын “улбар шар” түвшнийг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн. Ингэхдээ зарим салбарын ажлыг хязгаарлахаар болсон.
Тодруулбал, ресторан, лоунж, саун, бассейн, алжаал тайлах төв, кино театр, үзвэр үйлчилгээ, бялдаржуулах төв, амралт сувилал, сургалтын төв ажиллахгүй. Мөн хоол үйлдвэрлэл, зоогийн газрууд хүргэлтээр ажиллаж эхлэх юм. Үсчин, гоо сайхны газрууд амралтын өдөр ажиллахгүй бөгөөд бусад өдөр халдвар хамгааллын дэглэм сахиж ажиллана.
Нарантуул, Хархорин, Барс, Хүчит шонхор, Нарантуул-2 зэрэг томоохон зах, худалдааны төвүүд нийт талбайнхаа 30 хувиас хэтрэхгүй үйлчлэх зохицуулалт хийх юм. Дэлгүүр, худалдааны төвүүд 20.00 цаг хүртэл ажиллана.
Мөн орон нутаг руу хүнс, ачаа тээвэр, малын өвс тэжээл, шатахуун тээврээс бусад тохиолдолд автомашины хөдөлгөөнийг хязгаарлах юм.
Б.Эрдэнэ