Бурханы шашны ёсонд сар бүрийн шинийн 8-ныг тамын хаалга хаалттай байдаг ганц өдөр. Дарь Эх, Манал бурханы буулттай тул эдгээр бурхад замбу тивд залардаг учраас энэ өдөр буян хийхэд арвиждаг гэж үздэг байна. Сар шинийн 8-нд иргэд гандан хийдийг зорьж олноороо ном хуруулдаг. “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн хувьд Төгсбуянтын зурхайгаар шинийн 8-ны өдөр тасарч, шинийн 7-ноос шинийн 9 рүү шууд шилжиж байгаа юм байна. Тиймээс Мамба дацан хийд шинийн 8-ны тусгайлсан хурал номыг шинийн 7-нд уншихаар бэлтгэж буй аж.
Монгол зурхайд билгийн тооллын өдрүүд давхарлах, тасрах, өдөр алсрах ёс түгээмэл тохиолддог. Өдөр тасарч, давхарлах нь сарны харагдах байдалтай холбоотой аж. Сар нэг одны гэр дээр хоёр хоног харагдах тохиолдолд өдөр давхарладаг. Харин нэг хоногийн дотор одны гэрийг алсалсан үед тэр өдрийг орхиж, алгасдаг гэдгийг зурхайчид тайлбарладаг юм байна. Энэ нь билгийн хоногийн тоонд нөлөөлдөггүй. Зурхайн номонд өдөр давхар байвал урд өдрийг, тасарсан байвал хойд өдрийг нь авдаг ч энэ жилийн хувьд шинийн 8-ныг урагшлуулан тооцож ням гаригт шилжүүлж буй аж.