ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн шийдвэрлэлт болон хэргийн захиалагчийн талаар хэвлэлийнхэнд тайлбар хийлээ.
ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж: “Би 2016 онд “С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг худал шалгаж байна. Алдаа гарах магадлал өндөр, сайн хяна” гэдэг бичгийг тагнуул болон прокурорынхонд явуулж байсан. 2016 онд энэ хэргийн анхан шатны шүүх хурал явагдаж байх үед бүлгийн хурал дээр нэг удаа энэ асуудлыг хөндөж ярьж л байсан.
С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн захиалагчийг хамгийн их шалгасан хүн Г.Эрдэнэбат. 2012 оноос Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж дөрвөн төрлийн үүрэг гүйцэтгэсэн.
Нэгдүгээрт, гүйцэтгэх ажлыг шууд удирдаж байсан. Эрүүдэн шүүх ажиллагаа Эрдэнэбатын гарын үсэгтэйгээр хийгдэж байсан.
Хоёрдугаарт, мөрдөн байцаалтын ажилд хяналт тавьсан.
Гуравдугаарт, Улсын яллагчийн үүрэг гүйцэтгэсэн. Бүх юмыг Г.Эрдэнэбат прокурор өөрөө хийсэн хүн. Энэ алдаа гарсан үндсэн шалтгаан бол Ц.Элбэгдоржийн даалгавраар хийгдсэн ажиллагаа. Энэ асуудлыг Аюулгүйн зөвлөлөөр хоёр удаа нууцаар хэлэлцэхэд хоёуланд нь Ц.Элбэгдорж Аюулгүйн зөвлөлийн гишүүн байсан.
Энэ ажиллагаанд Монголын хуулийн байгууллагын буюу АТГ, ТЕГ, ЦЕГ, ШШГЕГ, Прокурорын ерөнхий газрын удирдлагууд бүгд оролцсон. Миний ярьсан бүхэн протоколтой, үнэн.
Мөн 2016 оны орон нутгийн сонгуулийн өмнө Бат-Үүлийг яллагдагчаар татсан. Ганхуяг, Булган, Б.Соднамдаржаа, Т.Чимгээ нартай бүлэглэн С.Зоригийн аминд халдсан нь нотлогдсон тул яллагдагчаар татав гээд татчихсан. Үүнийг прокурор нотлогдоогүй гээд хаачихсан. Ингэж хэрэг бүрдүүлээд нотолж чадаагүй. Булган, Ганхуягийг суллаад, Э.Бат-Үүлийг хэрэгсэхгүй болгож, заримыг нь хаяад хөдөөний ядарсан хоёр хүнийг шоронд оруулаад дуусгасан.
Захиалгаар хүн хөнөөсөн гэж Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг шийтгэчихээд захиалагчийг хайна гэж ямар юм байхав. Тэгэхээр хайх ажиллагаа нь хийгдэж байгаа байх.
Энэ хэрэгт Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг хэлмэгдүүлсэн тул тэд суллагдах ёстой. Яагаад гэмгүй хүмүүсийг 6 жил шоронд суулгаж байгааг 2016 оноос хойш яг 5 жил ярьж байна” гэж ярилаа.
Б.Эрдэнэ