Увс аймгийн Өмнөговь сумын Баянгол багийн нутагт орших Омруун уулнаас өнгөрсөн сарын 28-ны өдөр тус сумын иргэн Д.Мөнгөнхуяг бурхан шашны эд өлгийн зүйлс олсон байна.
“Дамчойренчиндодгулин хийдийн эд зүйлс мөн болно” гэсэн тамга бүхий бичигтэй, давхар авдартай эдгээр шашины эд өлгийн олдворууд нь хадгалалт сайтай байсан тул он удаан жилийн явцад элэгдэж муудалгүй өдийг хүрчээ.
Энэ талаар Өмнөговь сумын Засаг дарга С.Өлзийтэй утсаар холбогдож дараах тодруулга авлаа.
“Манай сумын иргэн Д.Мөнгөнхуяг санамсаргүй байдлаар энэхүү шашны эд өлгийн зүйлсийг олсон бөгөөд одоогоор тэднийд хадгалагдаж байгаа. Сумын ЗДТГ-аас Соёлын өвийн төв болон аймгийн Засаг даргад энэ талаар мэдэгдэж, цаашид хэрхэх талаар асууж тодруулсан. Хуулиараа бол сумын Бүртгэл мэдээллийн санд авах ёстой гэсэн чиглэл дээрээс өгсний дагуу одоогоор ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Маргааш буюу 4 дүгээр сарын 2-нд эдгээр шашны эд өлгийн зүйлсийг сумын Бүртгэл мэдээллийн санд албан ёсоор бүртгэх ажлыг хийнэ.
Намирын хүрээний лочин ламын эд хэрэгсэл гэгддэг энэхүү шашны эд өлгийн зүйлсийг 1990-ээд оны эхээр манай сумаас хоёр ч удаа албан ёсоор ажлын хэсэг гаргаж эрсэн боловч олоогүй юм. Мөн албан бусаар ард иргэд өчнөөн удаа хайсан боловч олж чадаагүй тул мартагдах тийшээгээ хандаж байсан. Гэтэл санамсаргүй байдлаар олдчихлоо” хэмээн тэрбээр манайд мэдээллээ.
Өмнөговь сумын ард иргэдийн хувьд дундаасаа хандив цуглуулан сумын Гандангийн хажуу талд байр барьж, эдгээр зүйлсийг шилэн хоргонд байршуулан тахин шүтэж, цэвэр ариунаар нь хадгалах хэрэгтэй хэмээн үзэж байгаа аж.
Увс аймаг : МОНЦАМЭ