Монгол Улсын ШУА-ийн ерөнхийлөгчийн тушаалаар Д.Дагвадорж, Д.Тунгалаг, Ч.Чимэдрагчаа нарт шинжлэх ухааны докторын зэрэг тус тус олголоо.
Эдгээр эрдэмтэнд ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл дипломыг нь өнөөдөр гардуулав.
Д.Дагвадорж “Уур амьсгалын өөрчлөлтөд нийцсэн Монгол орны хөгжлийн асуудлууд” сэдвээр Газарзүйн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгааллаа.
Тэрээр бүтээлдээ орчин үед дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас бий болж буй тулгамдсан асуудлыг улс орны хөгжлийн бодлого, стратегитай хэрхэн уялдуулан хөгжих асуудлуудыг олон талаар нь шинжлэх ухааны үндэслэлтэй авч үзэж, уур амьсгалын өөрчлөлтөд нийцсэн Монгол орны цаашдын хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх хөгжлийн загварыг боловсруулжээ.
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний олон томоохон төслийг санаачлан хэрэгжүүлж нэгэн сэдэвт ном, бүтээл, эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл олныг туурвисан нь монгол, англи, орос хэлээр нийтийн хүртээл болсон байна.
Тэрээр 1998 онд АНУ-ын Нью-Йоркийн ШУА-ийн жинхэнэ гишүүнээр сонгогдсон бөгөөд нарийн мэргэжлийн салбарт дэлхий нийтийн хэмжээгээр жил бүр шалгаруулдаг оны тэргүүний хүнээр 2002 онд шалгарч байв.
Өдгөө тэрээр Уур амьсгалын өөрчлөлт-хөгжил академийн захирлаар ажиллахын зэрэгцээ Олон улсын зарим байгууллагын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар Монгол улсад хэрэгжиж байгаа төслүүдийн зохицуулагч, Зөвлөхөөр ажиллаж байна.
Д.Тунгалаг “Монгол улс дахь гэр бүлийн ёс суртахууны философи асуудал: Уламжлал ба орчин үе” сэдвээр философийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалав.
Тэрээр боловсрол, шинжлэх ухааны байгууллагад 42 жил, философийн тэнхимд 35 жил багшилжээ. Улмаар 1999 онд “Философийн ухааны доктор (Ph.D)-ын зэргийг хамгаалсан байна.
Энэ хугацаанд тэрээр ёс зүй чиглэлээр судалгаа хийж ёс зүйн сурах бичиг 2, нэгэн сэдэвт болон хамтын бүтээл 20 гаруй, гэр бүлийн, мэргэжлийн болон хэрэглээний, шашны, бизнесийн ёс зүйн чиглэлээр 50 гаруй илтгэл өгүүлэл бичиж нийтлүүлэн олны хүртээл болгосон байна. Мөн доктор 2, магистр 4, бакалаврийн 18 ажлыг удирдан хамгаалуулжээ.
Мөн “Гэр бүлийн философи-ёс зүйн судалгаа”-ны чиглэлийг шинээр үүсгэн хөгжүүлсэн. Монголд “Мэргэжлийн ба хэрэглээний ёс зүй”-н чиглэлээр хийх судалгааны ажлыг санаачлан эхлүүлсэн байна.
Ч.Чимэдрагчаа “Хүдрийн заар, заар агуулсан эм бэлдмэлийн туршилт, судалгааны үр дүн” сэдвээр Анагаахын шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгааллаа.
Тэрээр 2002 онд “Мана-4 тангийн фармакологийн судалгааны асуудалд” сэдвээр Анагаах ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалжээ. Тэрээр хүдрийн заар, заар бүхий “Гарди-5”, “Эрдэнэ үрэл”, “Гарди наалт” зэрэг эм бэлдмэлийн хими фармакологи, технологи стандартын судалгааг цогц байдлаар хийж улсын стандарт батлуулан, үйлдлийн механизмыг тогтоосон.
Баданга хүдрийн геномын бүрэн дарааллыг тогтоон хүдрийн заарыг нийлэгжүүлэн ялгаруулж буй бүлэг генийг илрүүлэн филогенетикийн хөгжлийн зүй тогтлыг тодруулсан үр дүнг АНУ-ын биотехнологийн мэдээллийн үндэсний төвийн нэгдсэн мэдээллийн санд бүртгүүлжээ.
Тэрээр ажиллах хугацаандаа нэг сэдэвт бүтээл 3, удирдаж хамгаалуулсан доктор 14, магистр 15, ном сурах бичиг, гарын авлага, эмхэтгэл 17, редактор хийсэн ном 10, шинжлэх ухааны өгүүлэл 173, илтгэлийн хураангуй 269, доктор, магистрын шүүмж 17, зохиогчийн эрхийн гэрчилгээ, патент 23, стандарт 52-ийг зэрэг нийт 593 бүтээлийг бусадтай хамтран туурвисан байна.
Монгол Улсын Шинжлэх ухааны академи