Токио-2020 Зуны олимпийн наадмын тивийн сонгон шалгаруулах тэмцээн болох Азийн олимпийн эрх олгох тэмцээн ирэх баасан гарагт /2021.04.9-10/ Казахстаны Алматы хотод болно. Тэмцээнд 24 орны 200 гаруй тамирчид олимпийн эрхийн төлөө өрсөлдөж жин тус бүрээс эхний хоёр байр эзэлсэн тамирчид эрхээ авах юм.
Уг тэмцээнээс эрх аваагүй үлдсэн бөхчүүд үндэснийхээ олимпийн эрхээ авахын тулд Болгарын Софи хотноо /2021.05.6-9/ Дэлхийн олимпын эрх олгох тэмцээний шигшээд шалгарч үлдэх ёстой юм байна.
Харин энэ сарын 9-10-нд Казахстанд болох чөлөөт бөх, сонгомол барилдааны олимпын эрхийн тэмцээнд Токиогийн олимпын 36 эрхийн төлөө тамирчид өрсөлдөх юм. Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /UWW/-ноос чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй бөхчүүдийн тэмцээнд оролцох орнуудын тамирчдын нэрсийг зарлалаа.
Эмэгтэй 50 кг-д: Япон, Энэтхэг, БНСУ, Узбекистан, Монгол зэрэг орны 8 бөх зарласнаас Ц.Намуунцэцэгийн нэр дурдагджээ.
Мөн 53 кг-д 8 бөхийг зарласнаас Б.Болортуяа, 57 кг-д /8 бөх/ Б.Хонгорзул, 62 кг-д С.Цэрэнчимэд /9 бөх/, 68 кг-д /9 бөх/ Монгол байхгүй /С.Батцэцэг эрхээ авсан/, Харин 76 кг-д О.Бурмаа /6 бөх/ нар дуудагдсан байна.
Эрэгтэй 57 кг-д Т.Түвшинтулга /14 бөх/, 65 кг-д 13 бөх барилдана. /Т.Тулга эрхээ авсан/, 74 кг-д Б.Бат-Эрдэнэ /15 бөх/, 86 кг-д Г.Ганхуяг /15 бөх/, 97 кг-д Ө.Батзул /12 бөх/, 125 кг-д М.Лхагвагэрэл /11 бөх/ нарыг олимпийн эрхийн төлөө өрсөлдөх аж.
Б.Эрдэнэ