Соёлын сайд Ч.Номингоор ахлуулсан шуурхай зохицуулалтын ажлын хэсэг Чойжин ламын сүм музейд ажиллаж, халдвар, хамгааллын дэглэмийг хэрхэн сахиулж байгаа болон түр журмыг мөрдөхөд тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлүүдтэй газар дээр нь биечлэн танилцлаа.
Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд МХЕГ, ОБЕГ зэрэг албаны бусад хүмүүс оролцлоо. Нийслэлийн Онцгой Комиссын шийдвэрийн дагуу 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс тус музейн нийт 20 ажилтан, албан хаагчдын 30 хувь буюу 6 ажилтан халдвар хамгааллын дэглэм баримтлан ажиллаж байна.
Чойжин ламын сүм музейн зүгээс 3 удаагийн ариутгалыг музейн бүх үзмэртэй хийсэн байна. Мөн музей үзэхээр ирж байгаа иргэдэд музейн тайлбарыг аудио хэлбэрээр хүргэн ажиллаж байна.
Энэ үеэр Соёлын сайд Ч.Номин: “Бид дэлхий нийтээр тархсан цар тахлаас үүдэн шинэ амьдралын хэв маягт шилжиж байна. Энэ үед халдвар хамгааллын дэглэмийг сахих шаардлага зүй ёсоор үүсч байгаа юм. Иймд шинэ амьдралын хэв маягт хэрхэн зохицож ажиллаж, амьдрах вэ гэдэгт эртнээс анхаарч, төлөвлөх хэрэгтэй. Музейд хүн хоорондын зай бариулах чухал. Гэвч Чойжин ламын сүм музей дотроо жижиг зай талбайтай учраас иргэдийг цөөн тоогоор дотогш нэвтрүүлэх, тэмдэг тэмдэглэгээг сайн хийх, төлбөр тооцоог цахим болгоход анхаарлаа хандуулах хэрэгтэй талаар ярилцлаа” гэсэн юм.
Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн: “Сүм байгуулагдаад 112 жил болж байна. 1960-аад оны үед л сэргээн засварлах ажлыг хийсэн байдаг. Чойжин сүмийн арын “Ядам” сүмд засварын ажил хийгдэхээр төлөвлөсөн байгаа. Сэргээн засварлалтын ажил нь хөрөнгө мөнгө, цаг хугацаа шаардсан ажил учраас эрт эхэлж, урин дулаан цагт дуусгах тал дээр судалгаа шинжилгээг хийх мэргэжлийн зөвлөлийг байгуулах, мөн сэргээн засварлалтын чанарт анхаарч өгөхийг Соёлын сайд Ч.Номиноос хүслээ” гэв.
Б.Эрдэнэ