“Эрдэнэс Тавантолгой” ХК 600 тэрбум төгрөгийн бондыг олон нийтэд нээлттэй санал болгон гаргаж байна. Тус бондыг СЗХ үнэт цаасны бүртгэлд бүртгэж авсан бол өнөөдөр Монголын Хөрөнгийн биржид тус бондыг худалдан авах захиалга эхэллээ.
Тодруулбал, нийт 600 тэрбум төгрөгийн бондыг төгрөгийн болон ам.долларын сонголттойгоор олон нийтэд санал болгон арилжиж эхэллээ.
Андеррайтераар ажиллаж буй “БиДиСек” компаниас мэдээлснээр, банкны хадгаламжаас харьцангуй өндөр хүүтэй энэхүү бондыг иргэд, ААН-үүдэд санал болгон, хөрөнгөө өсгөх боломж олгож байна. Мөн дотоодын Хөрөнгийн биржид анх удаа гадаад валют буюу ам.доллараар гарч буй учир ханшийн уналтаас хамгаалсан давуу талтай аж. Тус бонд нь 24-36 сарын хугацаатай, нэг бүр нь 100 мянган төгрөг болон 100 ам.долларын нэрлэсэн үнэтэй юм.
Төгрөг, ам.доллар хосолсон бондын захиалгыг эхлүүлж арилжааны цан цохих үйл ажиллагаанд УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал, СЗХ-ны дарга Д.Баярсайхан, Монголын Хөрөнгийн биржийн захирал О.Алтай, “ЭТТ” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар оролцлоо.
Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, “Бондын хөрөнгөөр Таван толгой-Гашуунсухайт, Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 2 төмөр зам, 450 мегаваттын хүчин чадалтай цахилгаан, дулааны станц, говийн бүсэд усны хангамжийг нэмэх төслүүдийг санхүүжүүлэх”-ээ мэдэгдлээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тус бондыг 3 үе шаттайгаар олон нийтэд санал болгон худалдаж, 2 их наяд төгрөг хүртэлх санхүүжилтийг татан төвлөрүүлэх юм. Дотоодын хөрөнгийн зах зээлээс татан төвлөрүүлсэн хөрөнгийг Засгийн газраас 2020-2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төмөр зам, цахилгаан станц, сайжруулсан түлшний үйлдвэр зэрэг техник эдийн засгийн тооцоолол, байгаль орчны нөлөөллийн шинжилгээ бүрэн хийсэн томоохон дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөөд байгаа юм.
“Эрдэнэс Тавантолгой” ХК