Өнгөрсөн сарын 24-нд (2017.02.24) НҮБ-ын ХХААБ-ын төв байранд Монгол Улс “Тогтвортой мал аж ахуйн дэлхийн хөтөлбөр”-т /Global Consensus on Sustainable Livestock/ нэгдэх баримт бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ болсон байна. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас санаачилсан энэ хөтөлбөрт нэгдэх баримт бичигт ХХААХҮЯ-ны чиглэлийн дагуу Монгол Улсаас Итали Улсад суугаа Элчин сайд бөгөөд НҮБ-ын ХХААБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Ц.Жамбалдорж гарын үсэг зуржээ. Ингэснээр Монгол Улс нь тус хөтөлбөрт Засгийн газрын түвшинд нэгдэн орсон 17 дахь орон, Хөтөлбөрийн 83 дахь гишүүн болов.

Энэхүү хөтөлбөр нь малчдын амьжиргаа, эдийн засаг, нийгмийн салбар, хүний эрүүл ахуй, малын эрүүл мэнд, байгаль орчны хамгаалал, газрын зохистой ашиглалт болон байгалын төрөл зүйлийн хамгаалал зэрэг асуудлыг тогтвортой мал аж ахуйн хөгжлийн төлөвтэй зөв зохистой уялдуулахад чиглэсэн шинэлэг санаачилга юм. Энэ санаачилга нь тогтвортой мал аж ахуйн хөгжлийг дараах гурван чиглэлээр шийдвэрлэх зорилготой аж. Үүнд:

– Хүнсний аюулгүй байдал, нийтийн эрүүл мэндийн асуудал

– Хүртээмжтэй эдийн засгийн өсөлт

– Мал аж ахуйн нөөц болон уур амьсгалын өөрчлөлт зэрэг юм.

Хөтөлбөрт нэгдсэнээр Монгол Улс 60 гаруй сая толгой мал бүхий мал аж ахуйн салбараа тогтвортой хөгжүүлж, малаа бүрэн эрүүлжүүлж, мал аж ахуйн гаралтай аюулгүй хүнс бэлтгэх, түүхий эдийг нь байгаль орчинд хор нөлөөгүй боловсруулж дэлхийн зах зээлд гаргахуйц бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд эл хөтөлбөрийн гишүүдтэй ойр хамтран ажиллах боломж нээгдэх юм.

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн