Нийслэлийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид нэгдэж, Хурлын дэргэд Эмэгтэйчүүдийн зөвлөл байгууллаа.
Зөвлөлийн гишүүд өнөөдөр Хурлын дарга Ж.Батбаясгалантай уулзаж, зорилго, 2021 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа танилцуулав. Зөвлөлийн бүрэлдэхүүнд төлөөлөгч Л.Ариунтуяа, Н.Баярчимэг, Х.Болормаа, Г.Гангамөрөн, Б.Мөнхцэцэг, Б.Мягмар, Ү.Оюунзул, Д.Энхтуяа нар багтсан бөгөөд зөвлөлийн даргаар төлөөлөгч Б.Мягмарыг сонгожээ.
Дээрх зөвлөл нь улс төрийн нам үл харгалзан нийслэлийн эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй асуудлыг үе шаттай шийдвэрлэх, тэдний нийтлэг эрх ашгийг илэрхийлж, Улаанбаатар хотын хөгжилд эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр дотоод ардчиллын зарчмыг баримтлан ил тод үйл ажиллагаа явуулах юм.
Энэ хүрээндээ 2021 онд жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч эмэгтэйчүүдийг бодлогоор дэмжих, тусгай хэрэгцээт иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, чөлөөтэй зорчих боломж бүрдүүлж орц, гарцыг нээх, ахмад настны эрүүл мэндийг дэмжих, гэр бүлийг дэмжих олон талт үйл ажиллагаа явуулна гэдгийг зөвлөлийн дарга, төлөөлөгч Б.Мягмар хэллээ.
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан: “Хурлын дэргэд Эмэгтэйчүүдийн зөвлөл байгуулагдсанд баяртай байна. Та бүхний 2021 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, жижиг дунд бизнес эрхлэгчид эмэгтэйчүүдийг дэмжих, гэр бүлийн асуудалд анхаарах, ахмадуудын эрүүл мэндийг дэмжих зэрэг нь өнөө цагт тулгамдаж буй, анхаарах ёстой асуудал. Тиймээс бүхий л талаар хамтарч ажиллана” гэсэн юм.
Нийслэлийн ИТХ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс