УИХ-ын гишүүн Т.Доржханд, ХҮН-ын хуулийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Үүрцайх, МУИС-ийн багш О.Мөнхсайхан нар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тодорхой заалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд тусгаагүй, Үндсэн хуулиар одоогийн болон өмнөх Ерөнхийлөгч нар нэр дэвших боломжгүй гэж үзэн Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргаад байсан. Энэ асуудал энэ долоо хоногт эргэн хөндөгдөж Үндсэн хуулийн цэцээс Х.Баттулгыг нэр дэвшүүлэх боломжтой гэж үзсэн хуурамч мэдээ тарсан бол ЕТГ-ынхан “Энэ мэдээ нь Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдсан хэрэг” гэж үзэж байгаагаа өчигдөр мэдэгдлээ. Үүнтэй зэрэгцэн Үндсэн хуулийн цэц шийдвэрээ албажуулах ёстой гэж хэлсэн нь Цэцийн гишүүн Ш.Цогтоо, Ц.Нанзаддорж нарын гаргаад байсан шийдвэрийг албан ёсных болгож, Х.Баттулгын нэр дэвших эрхийг нээх ёстой гэж шулуухан тулгаад авлаа.
Үндсэн хуулийн цэц дээр Х.Баттулга болон өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс дахин Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших эрхтэй юу гэсэн асуудлыг Цэцийн гишүүн Д.Солонго хянан хэлэлцэх ёстой гэж үзээд маргаан үүсгэсэн боловч эцсийн шийдвэр гарааүй байхад ҮХЦ-ийн гишүүн Ш.Цогтоо болон Ц.Нанзаддорж нар хуурамч албан бичиг үйлдсэн хэрэгт харагдагдаж эхлээд байгаа юм.
Дуулиантай зэрэгцэн Ж.Эрдэнэбулганыг Цэцийн гишүүнээр сонгох асуудал УИХ-ийн Хуууль зүйн байнгын хороогоор хэлэлцэгдэж байгаа. Учир нь Ш.Цогтоогийн Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллах хугацаа дуусаад 1.3 жил болсон тул орны томилгоо хийгдэх гэж байгаа юм. Гэвч энэ томилгооноос өмнө Ш.Цогтоо нь эрх мэдлээ ашиглан Ерөнхийлөгчид ашигтай шийдвэр гаргахаар улайрч, Үндсэн хуулийн цэцийн түүхэнд гарч байгаагүй ажиллагааг сэдсэн хэрэгт харагдаад эхэллээ. Ш.Цогтоог Ерөнхийлөгч санал болгон Цэцийн гишүүнээр томилж байсан учраас УИХ-ын гишүүн Т.Доржханд өнөөдөр news.mn сайтад өгсөн ярилцлагдаа “Иргэдийн гаргасан мэдээллийг улс төрийн нөлөөгөө ашиглаж бүр тодорхой хэлбэл, өөрийнхөө томилсон Цэцийн гишүүдээр дамжуулан Ерөнхийлөгч хүчингүй болгох ажлыг хийж байна. Ийм байдлаар цааш явах юм бол Үндсэн хуулийн Цэцийг татан буулгах ёстой гэсэн байр суурийг улстөрчийнхөө хувьд хатуу илэрхийлье” хэмээн ярьсан байна.
Харин хуульч Д.Үүрцайх “Бид Зөвхөн Х.Баттулга Ерөнхийлөгчийн нэр дэвших эсэх асуудлыг хөндөөгүй. Өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан хүмүүс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр нэр дэвших боломжгүй гэдгийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд заасан байгаа. Тиймээс энэ заалтыг хэрэгжүүлэх боломжийг хууль тогтоогчдод хангаж өгөх ёстой гэдэг үүднээс Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргасан. Гэвч Монгол Улсын түүхэнд анх удаа Цэцийн гишүүн санал гаргаж, хянан хэлэлцэхээр үүсгэсэн маргааныг дахин авч хэлэлцэж байгаа нь Ерөнхийлөгчийн даалгавраар гаргасан байж болзошгүй гэж хардаж байгаа” гэж өнөөдөр өгсөн ярилцлагаараа дамжуулан мэдэгдээд байна.
ҮХЦ Ерөнхийлөгчийн даалгавраар Монголын түүхэнд анх удаа хянан хэлэлцэхээр үүсгэсэн маргааныг дахин авч хэлэлцсэн гэж хардаж байна.
Б.ИРЭЭДҮЙ