Британийн хатан хаан II Елизаветагийн ач хүү хунтайж Харри Британийн хаан ширээ залгамжлагчдын нэг нь ч хаан болохыг хүсдэггүй гэж бодож байна. Энэ тухай тэрбээр Америкийн “Newsweek” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
“Хатан хааны гэр бүлээс хаан, эсвэл хатан хаан болохыг хүсдэг хүн байгаа гэж үү? Би лав тэгж бодохгүй байна” хэмээжээ. Түүний эцэг хунтайж Чарльз нь Британийн хаан ширээг залгамжлах хүмүүсийн жагсаалтад нэгдүгээрт бичигддэг билээ.
Үүнээс гадна Британийн хатан хааны гэр бүлийн бүх гишүүн хүссэн хүсээгүй цаг нь болбол үүргээ биелүүлэхэд бэлэн байгаа гэжээ.
Харри “Newsweek”-т өгсөн ярилцлагадаа төрсөн ах, хунтайж Уильям нь Британийн хаант засаглалыг хүмүүст ашигтай хэлбэрээр төгс засаж сайжруулахыг оролдож байгаа гэжээ.
Харри ярилцлагынхаа ихэнх хэсгийг ээж, Диана гүнжийнхээ осолд орсон нас барсан эмгэнэлт түүхэд зориулжээ. Түүний хувьд энэхүү явдлыг маш удаан, амаргүй байдлаар даван туулсан гэнэ. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард Британийн “Telegraph”-т өгсөн ярицлагадаа ээжийнхээ үхэлтэй холбогдуулан сэтгэцийн асуудалд орж, хоёр жилийн турш эмх замбараагүй байдалд орсноо хүлээсэн билээ.
Харин шинэ ярилцлагадаа Харри энгийн хүний амьдралаар амьдарч, ээж Дианагийнхаа хүмүүжлийн ачаар их зүйлийг сурч байгаа гэжээ. “Ээж минь надад энгийн хүмүүсийн амьдралыг харуулахын тулд их зүйлийг хийсэн. Тэр намайг дагуулан явж, орон гэргүй хүмүүсийг харуулдаг байлаа. Бурхны авралаар би бодит амьдралаас тэр чигтээ тасарчихаагүй шүү. Хүмүүс Уильям бид хоёрыг ямар энгийн амьдардгийг харвал бараг гайхна даа. Би өөрөө дэлгүүр явж юмаа цуглуулдаг. Заримдаа намайг ойролцоох супермаркет руу ороод мах авахад хэн нэгэн миний зургийг авахад их сандардаг. Гэхдээ би энгийн амьдралаар амьдармаар байна шүү дээ. Хэрвээ би үр хүүхэдтэй болбол тэд ч бас тэгж амьдарна” хэмээн Харри хэлсэн байна. Тэр ч бүү хэл тэрбээр “Би хаан болсон ч гэсэн өөрөө худалдан авалтаа хийсээр байх болно” гэжээ.