БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун “Объект №92”-ыг шалгангаа цөмийн зэвсгээ хайрлан хамгаалах, нууцын нууц байлгах зарлиг гаргажээ. Учир нь үүнээс л тус улсын орших уу, эс орших уу гэдэг нь шалтгаална гэж нууц баримтад өгүүлсэн гэнэ. Энэхүү нууц мэдээллийг Өмнөд Солонгосын “Чунан ильбо” сонин гаргажээ.
Тус сонины мэдээлснээр энэ бол Хойд Солонгосын удирдагчийн зүгээс улс орноо цөмийн зэвсэгтэй гэдгийг бараг баталсан анхны үг гэнэ. “Объект №92” гэдэг нь пуужин, цөмийн цэнэгт хошуу үйлдвэрдэг газар гэж Өмнөд Солонгосын тусгай албаныхан үзэж байна. Ким Чен Ун өнгөрсөн хоёрдугаар сард тус үйлдвэрт очсон боловч энэ үйл явдлын тухай баримт огт дэлгэгдэлгүй байсаар саяхан л сэтгүүлчдийн гарт орсон аж.