УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, С.Ганбаатар, Н.Ганибал, Б.Энх-Амгалан нарын гишүүдийн санаачлан боловсруулсан “Монгол УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм”-ийг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
2009 онд УИХ-ын 34 дүгээр тогтоолоор ‘УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм”-ийг батлан мөрдөж иржээ.
УИХ-ын даргын 2020 оны арван нэгдүгээр сарын 6-ны өдрийн 45 дугаар захирамжаар “Монгол УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, УИХ-ын тогтоолын төслийн хамт өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, С.Ганбаатар, Н.Ганибал, Л.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Б.Бат-Эрдэнийг томилсон байна.
Ажлын хэсэг дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.
Шинэчлэн боловсруулсан “Монгол УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн зорилго нь УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ “…би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн Төрийн сүлдэндээ өргөсөн тангарагтаа үнэнч байхад нь туслах зорилготой юм.
Монгол Улсыи Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийн төсөл 12 бүлэг 70 зүйл, 31 дэд заалттай байх аж. Дүрмийн төсөлд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо ёс зүйн зөрчил гаргасан гишүүнд зөрчлийн шинж байдлыг харгалзан сануулга өгөх, хатуу сануулга өгөх, уучлал гуйхыг үүрэг болгох, албан тушаалын цалингийн хэмжээг 6 cap хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах зэрэг хариуцлага ногдуулахаар тусгасан байна.
Дүрэм батлагдсанаар УИХ-ын гишүүн нь ард түмний элчийн хувьд төр, олон нийтийн итгэлцлийг бий болгох, тэдний итгэлийг хүлээх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, өргөсөн тангаргаа үнэнчээр биелүүлэх хөшүүрэг болно гэж төсөл санаачлагчид үзэж байна.
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс