Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сангийн сайд тэргүүтэй Вакцинжуулалтын ажлыг зохион байгуулах ажлын хэсгийнхэнтэй шинэ 7 хоногийн өглөөний уулзалтаа хийв.Уулзалтаар вакцинжуулалтын явцын нөхцөл байдал, хуваарь, худалдан авалт, нийлүүлэлт, хувийн аж ахуй нэгжүүдээс ирүүлж буй санал хүсэлтийг шийдвэрлэсэн байдал зэрэг вакцинжуулалттай холбоотой асуудлуудаар Шадар сайд, Эрүүл мэнд, Гадаад харилцаа, Сангийн сайд нарын мэдээллийг сонсож, шийдвэрлэх арга замуудын талаар санал солилцов.
Ингээд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлын хэсгийн гишүүдийн дээрх мэдээллийг сонсоод
–Засгийн газраас иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлого хэрэгжүүлж байгаа ч эдийн засагт эерэг өөрчлөлтүүдийн эсрэг цар тахлын тархалт нэмэгдэх урвуу хамааралтай үр дүнг харуулж байна. Бизнес эрхлэгчдийн итгэл дөнгөж сэргэж, эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч байгаа энэ үед Засгийн газраас хатуу хөл хорио тогтоох сонирхол байхгүй ч нөхцөл байдал хүндэрч байна. Тиймээс иргэн бүр, аж ахуй нэгж бүр хариуцлагатай, хувийн сахилга бат, халдвар хамгааллын дэглэмээ баримталж хичээж ажиллахыг уриалья.
Ирэх 14 хоногт УОК, НОК болон бусад холбогдох байгууллагуудаас гаргасан халдвар хамгааллын дүрэм, журмуудаа сайтар мөрдөж хөл хорио тогтоохгүй байхын төлөө ажиллах хэрэгтэй. Эс бөгөөс 2021 оны 04 дүгээр сарын 05-19 -ны өдрүүдэд гамшгаас хамгаалах эрсдлийн “улаан түвшин”-д шилжүүлэхээс өөр аргагүйг нөхцөл байдал шаардаж байгааг дурдлаа.
Ерөнхий сайдын зүгээс бодит нөхцөл байдлыг иргэдээс нуух шаардлагагүй, бүх мэдээллийг нээлттэй болгож, цар тахлыг иргэдтэй хамтдаа даван туулах, хөл хорио тогтоовол хамгийн багадаа 10-14 хоногийн өмнө мэдэгдэж, иргэд, бизнес эрхлэгчдэд тодорхой төлөвлөлт хийх боломжийг олгох хэрэгтэй байна гэв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.