Увс аймгийн Хяргас сумын дунд сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч Мөнхжаргалын Чинхүслэн, Гансүхийн Цэнд-Аюуш нар нэг сая төгрөг олоод эзэнд нь хүлээлгэн өгчээ.
Сурагчид тэр өдөр хичээлээ тараад танил ахынхаа дэлгүүрээс зайрмаг аваад гарч явах замдаа боодолтой мөнгө олжээ. Улмаар тухайн орчинд мөнгө хайж байгаа хүн харагдаагүй тул мөнгийг аваад таньдаг ахынхаа дэлгүүрт оруулж өгөөд хамтдаа тоолоход тавин ширхэг 20 мянгатын дэвсгэрт буюу нэг сая төгрөг байжээ.
Ингээд тэр өдөртөө гээгдсэн мөнгөний эзэн тус дэлгүүрийн эзнээс очиж мөнгөө авсан бөгөөд хоёр сурагчид маш их баярлаж буйгаа илэрхийлэн тус бүрт нь 30 мянган төгрөг өгч урамшуулжээ
Сурагч хөвгүүд ангийнхаа, сумынхаа хамгийн бахархалтай хүүхдүүд болсон төдийгүй сургуулийн багш нар, захирал бүгд баяр хүргэж, сайн үйлс хийснийг нь магтан сайшааж, цаашид улам их сайн үйлс хийж бүтээхийг ерөөсөн байна.
Б.Эрдэнэ