Геополитик хэмээх нэр томъёо Грек хэлний “gê”-газар, дэлхий, “politikě”- улс төр гэсэн үгнээс гаралтай, шинжлэх ухааны салбар бөгөөд газарзүйн байршил улс төр, олон улсын харилцаанд үзүүлэх нөлөө, улс төрийн үзэгдлүүдийн орон зайн харилцаа, соёлын хүчин зүйлсийн харилцан хамаарлыг олж тогтоохыг эрмэлзэнэ.
Олон улсын харилцааны түвшинд геополитик нь тухайн улсын гадаад бодлогыг ойлгох, газарзүйн өгөгдөлд тулгуурлан улс төрийн аливаа үйлдлийг нь тайлбарлах, урьдчилан таамаглах арга зүй бөгөөд газар зүйн өгөгдөл, орон зайн тухай уламжлалт ойлголтод эх газар, далай тэнгис, сансар огторгуй, цаашлаад цаг уур, байгалын баялаг, газар зүйн бусад онцлог багтдаг байсан. Улс орны гадаад бодлого, хоёр улсын харилцаа, түүнчлэн дайн тулаан дээр дурдсан газар зүйн өгөгдлөөс шууд болон шууд бус хамааралтай байсаар ирсэн.
Гэвч 20 дугаар зууны сүүлийн хагас, 21 дүгээр зуунд техник, технологи хөгжихийн хэрээр геополитикийн орон зайн ойлголтод “кибер” хэмээх хийсвэр ойлголт чухал байр суурь эзлэх болов.
Кибер орчин нь хэдий хийсвэр ч гэлээ улс орон, байгууллага, иргэдийн тулааны талбар болж байна.
Шинэ төрлийн аюул занал өдрөөс өдөрт үүсэхийн хэрээр, хүйтэн дайны үед цөөн хэдэн улс л өөрийн байр суурийг бусдад тулгах эдийн засаг, технологийн чадамжтай байсныг өөрчилж байна. Интернэт хэдийгээр АНУ-аас гаралтай ч кибер орчны ирээдүйн хандлага, тэргүүлэгч тодорхойгүй хэвээр байна. Өнөөгийн байдлаар 29 улс[1] кибер орчинд давшилт хийх техник, технологийн чадамжтай болсон. Түүнчлэн дэлхий нийт утасгүй 5G сүлжээнд нэвтэрч буй үед шилжиж буй үед кибер халдлагаас хувь хүн, байгууллага, төрийн нууцыг хамгаалах асуудал бүх нийтийн анхаарлын төвд байх чухал сэдэв юм.
Мэдээллийн технологийн хөгжил, интернэтийн чадамж бидний өдөр тутмын амьдралд хязгааргүй боломжийг нээж кибер орчин олон улсын харилцааны томоохон хэсэг болж байгаа ч түүний хажуугаар ихээхэн эрсдэл дагуулж улс орнуудын хооронд зөрчил, маргаан, үл ойлголцлыг бий болгож, нийгэм, эдийн засгийн салбарт ихээхэн гарз хохирол учруулж байна.
Тодруулбал, кибер орчинг тулааны талбар болгон, халдлага үйлдэх болсон нь дэлхийн геополитикийн уламжлалт ойлголтыг өөрчилсөөр байна. Төрийн дэмжлэгтэй хакерууд сөргөлдөгч улсын чухал дэд бүтцийн үйл ажиллагаанд саад хийх, хуурамч мэдээлэл дамжуулах замаар нийгмийн тогтвортой байдлыг алдагдуулах, төрийн нууц мэдээлэлд халдахаас эхлэн хувь хүний мэдээллийг хулгайлах, түүгээр дамжуулан барьцаалах, нөлөөлөх тохиолдлууд гарсаар байна.
Кибер халдлагын улмаас учрах хор хохирол их ч үйлдсэн эзнийг илрүүлэх, цаашлаад түүнд аль нэг улс, орныг шууд буруутгахад хэцүү тул хохирогч тал хариу болгон тодорхой нэг улсруу зэвсэглэн дайрах магадлал бага. Иймээс улс орнууд дайсагнагч талдаа зэвсэгт халдлага хийхээс илүүтэй дэд бүтэц, стратегийн чухал салбарт цахим дайралт хийх байдал ажиглагдаж байна. Түүнчлэн улс төр, эдийн засгийн хувьд томоохон үйл явдал, сөргөлдөөн гарах үед кибер орчин дахь харилцан халдлага нэмэгддэг аж.
Дээрхээс үзэхэд кибер орон зай буюу интернэт сүлжээ нь оролцогч талуудын хүчний хэмжээгээр далай, агаар, газар, сансартай ижил түвшинд яригдах геополитикийн чухал талбар болжээ. Тиймээс улс орнууд кибер орчинд нөлөөллөө тогтоохыг эрмэлзэж, хүч хаях болов.
Тэд өөрийн улс, байгууллага, иргэдийг кибер халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэхийн тулд онцгой анхаарахын зэрэгцээ гадагш чиглэсэн үйл ажиллагааг ч эрчимтэй хэрэгжүүлж байна. Кибер халдлагын хувьд уламжлалт цэрэг, дайнаас бага хүчээр ихээхэн хэмжээний хохирол учруулах боломжийг олгох бөгөөд ингэхдээ орон зай, цаг хугацаанаас үл хамаарах тул ийнхүү анхаарахаас өөр зам үгүй.
Төрийн дэмжлэгтэй кибер халдлагын геополитикийн шалтгаан, нөлөөг ойлгохын тулд өнгөрөгч жилүүд дэх цөөн тохиолдлыг жишээ болгон дурдъя.
Сири:
Сирийн Дамаск хотод энгийн иргэдийн эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн байж болзошгүй тохиолдол гарахад буюу 2018 оны 4 дүгээр сард АНУ-аас тус улсад цэргийн үйл ажиллагаа явуулах талаар мэдэгдсэн. Энэхүү мэдэгдэлтэй давхцан Сирийн Электрон арми хэмээн нэрлэгдэх бүлгэмээс барууны хэвлэлүүд рүү халдлага хийж эхэлснийг АНУ-ын ТТГ илрүүлсэн.
Умард Солонгос:
Умард Солонгосын эсрэг авч хэрэгжүүлж буй эдийн засгийн хориг арга хэмжээ чангарахын хэрээр тухайн улсын хакерууд цахим халдлагын цар хүрээгээ өргөжүүлж байна. Дэлхий дахинд бүртгэгдсэн хамгийн түрэмгий халдлагын зарим нь тус улстай холбогддог. Тухайлбал 2013 онд Өмнөд Солонгосын банк, олон нийтийн телевиз, зарим ТББ руу хийсэн хэд хэдэн халдлага, 2014 онд Өмнөд Солонгосын төрийн өмчит цөмийн энергийн компаниас цөмийн цахилгаан станцын загварыг хулгайлсан халдлага, 2014 онд АНУ дахь “Sony Pictures” компанид хийсэн халдлага зэргийг дурдаж болно[2]. Тус улсын хакеруудын хийх кибер халдлагын гол зорилго нь хорлон сүйтгэх гэхээс илүү санхүүгийн олз олоход чиглэгддэгийг 2016 онд Бангладеш дахь төв банкнаас 950 сая ам.доллар банкны SWIFT систем ашиглан шилжүүлэх үйлдэл хийснээс харж болох юм. Түүнчлэн блокчэйн технологи ашигласан bitcoin, ethereum зэрэг цахим валютын арилжааны сайтуудыг хакердах тохиолдол олон байдаг байна.
Иран:
Тус улс 2011 оноос технологийн салбартаа ихээхэн хөрөнгө оруулалт хийж, цахим халдлага, хамгаалалтын чадамжаараа дэлхийд тэргүүлэх улс болох зорилт тавьж байна. Исламын хувьсгалт гвард өнгөрөгч таван жилийн хугацаанд 120,000 гаруй мэргэжилтэнээр чадамжаа нэмэгдүүлсэн бөгөөд Засгийн газраас нь 1 тэрбум ам.доллар зарцуулжээ. Иран Улс ийнхүү хүч хаях болсон нь 2010 онд илрүүлсэн АНУ-Израйлын хамтарсан Ираны цөмийн хөтөлбөрийг нураах зорилготой Stuxnet цахим халдлагатай холбоотой. Уран баяжуулах төвийн гол компьютеруудад суулгасан вирус нь баяжуулагчийг удирдлагагүй болгож, 1000 орчмыг эвдэлсэн бөгөөд Ираны талаас шалтгааныг нь хэдэн сарын турш олоогүй .
Хэдийгээр Орос, Хятадтай дүйцэхгүй ч хол хоцроогүй бөгөөд Саудын Араб, АНУ зэрэг улсуудруу чиглэсэн хэд хэдэн амжилттай халдлага хийжээ. Тухайлбал 2012 онд дэлхийн хамгийн том газрын тосны компани болох Сауди Арамко /Saudi Aramco/-д Шамун /Shamoon/ нэртэй вирусээр дамжуулан халдлага хийж, хэдэн долоо хоногийн туршид үйл ажиллагааг нь зогсоож, 3000 гаруй компьютерийг нь ажиллагаагүй болгосон. Мөн энэ үеэр ижил төстэй халдлага Катарын байгалын хийн үйлдвэрлэгч РасГас /RasGas/-т гарч байжээ.
[1] Итали улсын холбооны их сургуулийн судалгаагаар
[2] Oxford Analytica Cybersecurity and Geopolitics 2018
Эх сурвалж: gia.gov.mn