УИХ-ын дарга Г.Занданшатарт Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслүүдийг өнөөдөр (2021.03.19) УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өргөн барилаа.
Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах, үйлчлэх, хэрэглэх, архидан согтуурахтай тэмцэх, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаатай холбогдсон харилцааг цогц байдлаар зохицуулахаар 7 бүлэг 45 зүйлтэй хуулийн төслийг боловсруулжээ.
Төсөлд “согтууруулах ундаа” гэж хүнсний зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, бүх төрлийн архи, 2-оос дээш хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан дарс, тэдгээрийн үндсэн дээр бэлтгэсэн ундаа, шар айраг, сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архийг тодорхойлсон байна. Харин “согтууруулах ундааны эргэлт” гэж согтууруулах ундааг үйлдвэрлэх, импортлох, экспортлох, хадгалах, худалдах, түүгээр үйлчлэх, хэрэглэхийг тус тус ойлгохоор тодорхойлжээ.
Төслийн 2 дугаар бүлэгт согтууруулах ундааны үйлдвэрлэлтэй холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан байна. Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаатай олгохоор, экспортлох зорилгоор сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архийг чөлөөт бүсэд үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг чөлөөт бүсийн захирагч олгохоор тусгажээ.
Мөн согтууруулах ундааны үйлдвэрлэлд тавигдах шаардлагуудыг шинээр тодорхойлохдоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээ, хатуулгийг бүртгэж, эрх бүхий байгууллагад тогтмол мэдээлэх төхөерөмжтэй байх, үйлдвэрлэх шаардлагатай бүтээгдэхүүний зохих доод хэмжээг тусгай зөвшөөрөлд тусгах, орц, найрлага, түүхий эд, этилийн слиртийн агууламж ижил, нэг төрлийн согтууруулах ундааг нэгээс дээш нэрээр үйлдвэрлэхийг хориглох заалтууд оруулсан байна.
Согтууруулах ундаа импортлох зөвшөөрлийг гурван жилийн хугацаатайгаар, хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Засгийн газрын баталсан журмын дагуу олгохоор төсөлд тусгажээ. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг олгох хэмжээг нийгмийн зарим үзүүлэлтүүдийг харгалзан, урьдчилан тогтоосны үндсэн дээр олгох, ингэхдээ худалдах тусгай зөвшөөрлийг ашгийн төлөө худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдэд, харин согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг этгээдэд олгохоор тусгасан байна.
Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох газар, зүйлийн талаарх зохицуулалтыг шинээр боловсруулж, хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд зааснаас гадна согтууруулах ундааг зайнаас (холбоо, мэдээллийн сүлжээ ашиглан) болон өөртөө үйлчлэх автомат төхеерөмж ашиглан, эсхүл гap дээрээс, эсхүл согтууруулах ундааг хаягаар хэрэглэгчид хүргэхийг хориглохоор тусгажээ.
Мөн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох өдөрт Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр, сонгуулийн санал авах өдрийн өмнөх, дараах өдөр гэх зэргийг нэмж “Архигүй өдрийн” тоог нэмэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Аймаг нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч нар харьяалах нутаг дэвсгэртээ согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг тогтоох нь зүйтэй хэмээн үзэж холбогдох зохицуулалтыг тусгасан байна.
Мөн согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөл эзэмшигч нь үйлчлүүлэгчид зориулсан худалдан авсан согтууруулах ундааг хэрэглэх танхимтай байх, халуун. хүйтэн зуушаар үйлчлэх болон ундны усаар үнэ төлбөргүй үйлчлэх, үйлчлүүлэгч худалдан авсан соггууруулах ундаагаа зөвхөн зориулалтын танхимд хэрэглэх, 35 хувиас дээш хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундааг согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөл эзэмшигч үйлдвэрийн лонх, савалгаатай нь худалдаж үйлчлэхийг хориглох гэх зэрэг согтууруулах ундааны хэрэглээ, түүний худалдаатай холбоотой үйл ажиллагааны талаарх шинэлэг зохицуулалтыг төсөлд тусгасан байна.
Мөн согтууруулах ундаагаар үйлчлэх танхимд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох болон хэтрүүлэн хэрэглэсний улмаас үүсэх хор уршгийн талаар санамж, такси, нийтийн тээврийн үйлчилгээний талаарх мэдээллийг байршуулах, согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бусдад үйлчлэх үүрэг бүхий ажилтан нь согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалтад хамрагдсан байх, шаардлагатай тохиолдолд насанд хүрсэн эсэхийг шалгах зорилгоор үйлчлүүлэгчийн бичиг баримтыг заавал шалгах, 21 насанд хүрээгүй, эсхүл согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн хүнд согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсний улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн тусгай зевшөөрөл эзэмшигч хариуцахаар зохицуулалтыг төсөлд тусгасан байна.
Төслийн 6 дугаар бүлэгт архидан согтуурах, согтууруулах ундааны хэрэглээг нэмэгдүүлэх зорилго бүхий аливаа үйл ажиллагааг хориглох зохицуулалтуудыг тусгасан бол 7 дугаар бүлэгт согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт, экспорт, реэкспорт, худалдаа, үйлчилгээнд хяналт тавих журам болон хяналт тавих эрх бүхий субъектүүдийг тодорхойлж, тэдгээрээс хэрэгжүүлэх чиг үүргийг тусгасан байна.
УИХ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс