Монгол Улсын Зэвсэгт хүчнийг үүсгэн байгуулсны 100 жилийн ой, Монгол цэргийн өдөр өнөөдөр тохиож байна.
БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1946 оны тавдугаар сарын 28-ны 32 дугаар хурлын тогтоолоор Монгол Ардын журамт цэрэг Хиагт хотыг чөлөөлж анхны ялалтаа байгуулсан гуравдугаар сарын 18-ны өдрийг “Хувьсгалт цэргийн баярын өдөр” болгон жил бүр улс нийтээр ёслон тэмдэглэх шийдвэр гаргасан байдаг.
Харин 2011 онд УИХ-аас Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд 2011 онд нэмэлт өөрчлөлт оруулж, жил бүрийн энэ өдрийг “Монгол цэргийн өдөр” болгон тэмдэглэж эхэлсэн юм.
Энэхүү баяр нь улс орныхоо тусгаар тогтнол, ард түмнийхээ эрх чөлөөг хамгаалан тэмцсэн түүх, үе үеийн эх орончид, цэрэг дайчдынхаа гавьяат үйлсээр бахархах, өсвөр, залуу үеийн эх оронч сэтгэлийг нь дэврээх, эх орноо гэсэн хүсэл эрмэлзэл, хайрлан хамгаалах үзэл бодлоор цэнэглэхэд үлгэр дуурайл үзүүлэх чухал ач холбогдолтой.
Гэвч Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос цар тахлын халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс Улаанбаатар хотод гамшгийн үеийн гуравдугаар түвшинд 14 хоногийн хугацаатай шилжүүлээд байгаатай холбогдуулан Зэвсэгт хүчний Жанжин штабаас өнөөдөр зохион байгуулахаар төлөвлөж байсан орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойн баярын хурал, нэгдсэн тооллого, цэцэг өргөх ёслолын ажиллагаа, 2020 онд үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэн энхийг сахиулагчдад төрийн одон, медаль гардуулах ёслолыг түр хойшлуулаад байна.
Харин 3 дугаар сарын 18-ны энэ өдөр буюу “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 100 жилийн ойн баярын өдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд Монгол Улсын Төрийн далбааг мандуулах, буулгах ажиллагаа болж, ёслолын буудлага хийнэ.
Эх орончдын яруу алдар, бахдам замналаар түүхээ бичсэн “Монгол цэргийн өдөр”- Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн баярын мэндийг үе үеийн ахмад дайчдад, Монгол Улсын Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд, мөрдэс зүүсэн хэн бүхэнд хүргэж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монгол Улсын Зэвсэгт хүчний яруу алдар бадартугай