Доройтсон бэлчээр сэргээх, уул уурхайн нөхөн сэргээлтэд дэмжлэг үзүүлэх, тэжээлийн ургамал тариалах үр бэлтгэх боломж мал аж ахуйн эрдэм шинжилгээний үндэсний хүрээлэнд байна.
Монгол орны бэлчээрт 600 орчим зүйлийн ашигт ургамал ургадаг. Энэ ургамлуудыг иддэг учир манай малын мах сүү тэжээллэг, амт чанар сайтай, экологийн цэвэр бүтээгдэхүүн болж чаддаг юм. Гэвч сүүлийн жилүүдэд бэлчээрийн зарим олон наст ургамал нэг наст болж, ашигт ургамал хог ургамал болж байгааг тогтоожээ.
Мал аж ахуйн хүрээлэн бүс нутгуудаас ургамлын генетик нөөцийг жил бүр цуглуулдаг учир устаж байгаа ургамлыг сэргээх боломж энэ хүрээлэнд хадгалагдаж байна. Хүрээлэнд өнөөдрийн байдлаар бэлчээрийн ургамлын 3570 дээж хадгалагдаж байна.
Социализмын үед Монгол улс тэжээлийн гурван аж ахуйтай байсан бол өнөөдөр зогсонги байдалд оржээ. Манай улс нэг жилд дунджаар 100-150 тонн тэжээлийн үр импортоор авдаг байна. Гэтэл энэ хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангах боломжтой. Тэжээлийн ургамлын чиглэлээр 12 сорт батлуулж, багсармал, царгасны хорголжин зэрэг олон төрлийн тэжээлийг гарган авчээ.
Алийг нь ч тарьж ургуулсан хоёр дахь жилээс ургацаа авах боломжтой юм. Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, малынхаа үүлдэр угсааг сайжруулах зорилт тавьж хөдөө аж ахуйг тэргүүлэх салбар гэж үзэж байгаа бол судлаачдынхаа нэвтрүүлсэн шинэ бүтээлийг хэрэглээ болгон хэвшүүлэх шаардлагатай байна.
Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам