Говь-Алтай аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан С.Болормаа өнгөрсөн оны хоёрдугаар сарын 18-19-нд шилжих шөнө амиа алдсан хэрэг гараад жил тойрч байна.
Уг хэргийн шүүх хурал хоёр удаа хойшилсны дараа өнөөдөр буюу 2021 оны гуравдугаар сарын 17-нд Говь-Алтай аймгийн сум дундын анхан шатны шүүхэд эхэлсэн ч шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу шүүх хурал дахин хойшлоод байна.
Говь-Алтай аймаг дахь шүүхийн тамгын газраас шүүх хуралдаан хойшилсон талаар дараах мэдээллийг өглөө.
Мэдээлэлд “Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч В.Рэнцэндорж, Б.Лхагважаргал, Э.Мэндсайхан нарт холбогдох 2016000440271 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр товлон зарласан.
Хохирогчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан, Ц.Энхболд, шүүгдэгч В.Рэнцэндоржийн өмгөөлөгч Д.Одонтунгалаг нарын шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтийг хангаж, мөн шүүгдэгч В.Рэнцэндоржийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулахаар Монгол Улсад Ковид-19 цар тахал дотоодод тархсантай холбоотойгоор нийслэлд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн тул шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан.
Шүүхээс талуудын санал, цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдааныг 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 09 цаг 00 минутад товлон зарлаж, шүүх хуралдаанд Улаанбаатар хот буюу Коронавирусын голомттой бүс нутгаас шүүгдэгч В.Рэнцэндоржийн өмгөөлөгч Д.Одонтунгалаг, хохирогчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан, Ц.Энхболд нар ирж байгаатай холбоотой Улаанбаатар хотод Коронавируст халдварын тоо эрс нэмэгдэж, халдвар зөөвөрлөн ирэх эрсдэл өндөр байгаа тул аймгийн Онцгой комиссын зүгээс тавьсан халдвар хамгааллын дэглэмийг хэрэгжүүлэхээр аймгийн Нутгийн удирдлагын ордны Иргэний танхимд шүүх хуралдааныг зохион байгуулсан.
Тус шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Мэндсайханы өмгөөлөгч Б.Одбаяр шүүгч нарыг татгалзан гаргах тухай хүсэлт гаргасныг шийдвэрлэхээр шүүх хуралдааныг мөн өдрийн 13 цаг 00 минутад хүртэл хойшлуулсан.
Шүүх хуралдаанд /13 цаг 00 минутад товлогдсон/ хуульд заасан журмын дагуу шүүгчдийн зөвлөгөөнөөр шүүгч нарыг татгалзан гаргах тухай хүсэлтийг хэлэлцэж, хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг танилцуулсны дараа шүүгдэгч Э.Мэндсайханы өмгөөлөгч Б.Одбаяр Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн 15.2.4-т заасан үндэслэлээр өмгөөлөх эрхээсээ татгалзаж, шүүгдэгч Э.Мэндсайхан өөр өмгөөлөгч авах хүсэлт гаргасан тул шүүгдэгчид өмгөөлүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломж олгож, Коронавирус цар тахал дотоодод нэмэгдэж байгаа цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдааныг 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 09 цаг 00 минутад хүртэл хугацаагаар хойшлууллаа.
Н.Батаа