“Прокурорууд хууль зөрчсөн, эсэхийг шалгаж байна” гарчигтай мэдээ “Өнөөдөр” сонины 2021.03.17-ний дугаарт нийтлэгдсэн. Уг мэдээнд:
Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат их сургуулийн ангийн найз Д.Янжинхорлоотой холбоотой, бусдыг залилан мэхэлсэн хэргийг шийдвэрлэхдээ хувийн сонирхлоор хандсан хэмээн зарим мэдээллийн хэрэгслээр нийтэлж буй. Энэ талаар УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаныхнаас тодрууллаа. Тэд “Д.Янжинхорлоод холбогдох хэргийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхээс өмнө хохирогч нь Улсын ерөнхий прокурорт хандан гомдол гаргасны дагуу хянаж байсан юм. Хохирогчийн гомдлын дагуу прокурорын шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шалгуулахаар мөрдөх байгууллагад хүргүүлээд байгаа. Харин уг хэрэгт шийдвэр гаргасан Прокуроруудыг мэргэжлийн зөвлөлд шилжүүлж, мэргэжлийн үйл ажиллагаандаа алдаа гаргасан, эсэхийг тогтоосны дараа хариуцлага тооцох асуудлыг шийдвэрлэнэ” гэв.
МУИС-ийн багш Д.Янжинхорлоо нь хуурамч гарын үсэг ашиглан бусдын эд хөрөнгийг нэр дээрээ шилжүүлэн авсан. Мөн өөр нэг иргэний үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь эх хувиараа хадгалаастай байхад нь хаясан гээсэн зар гаргуулан дахин шинээр авсан гэх хоёр ч хэрэгт холбогдож хуулийн байгууллагаар шалгагдсан.
Д.Янжинхорлоог хуурамч гарын үсэг үйлдсэн эсэхийг нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн тоот дүгнэлтээр тогтоосон ба “О-гийн гарын үсэг, бичгийн хэвтэй тохирохгүй, гарын үсэг биш байна” гэсэн дүгнэлтийг гаргажээ.
Уг хэрэгт хуулийн байгууллагад өндөр албан тушаал эрхэлдэг нэг ангийн прокурорууд оролцсон байж болзошгүй гэх мэдээлэл хэвлэл, мэдээллийн хэрэгслээр түгэж байгаа.
УЕП-ын орлогч М.Чинбат, Д.Энхтөр нарын прокуроруудын нэр холбогдоод буй энэ хэргийг Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан анхааралдаа авч, Д.Янжинхорлоогийн хэрэгт холбогдсон прокуроруудыг шалгаж хариуцлага тооцохоор болжээ.
Эх сурвалж: Snews.mn