Өнгөрсөн 24 цагт нийслэл Улаанбаатар хотод дархлаажуулалтын 40 цэг ажиллаж, хоногт 13381 хүнийг вакцинд хамруулжээ. Хоёрдугаар сарын 23-наас хойш нийслэлд 126449 хүнийг вакцинд хамруулсан бөгөөд энэ нь манай улс зорилтод бүлгийн зургаан хувийг эзэлж байгаа аж.
Өнөөдөр 41 цэгт, 95 багаар 19793 хүнийг вакцинд хамруулах төлөвлөгөө гарчээ. Монгол Улсад дархлаажуулалтын ажил маш идэвхтэй явагдаж байгаа бөгөөд дэхийд 100 хүн тутамд хийгдэж байгаа үзүүлэлтээр Монгол Улс 17 дугаарт эрэмбэлэгджээ.
ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу вакцины тоо хэмжээнд тааруулан, дархлаажуулалтад хамрагдах иргэдийг эрэмбэлсэн. Өнөөдрийн байдлаар нийт эмнэлгийн ажилчдын 96 хувийг, хариу арга хэмжээний багт дайчлагдаж байгаа ажилчдын 98 хувийг, боловсролын салбарынхны 48 хувийг, худалдаа үйлчилгээ, тасалдаж болохгүй худалдаа үйлчилгээний салбарт ажиллаж байгаа иргэдийн 70 гаруй хувийг вакцинжуулаад байна.
Одоогоор 464.4 мянган хүн тун буюу 232.2 мянган иргэнийг хоёр тунгаар дархлаажуулах вакцин Монголд ирсэн. Одоогоор 126 мянган тун вакциныг иргэдэд тарьсан байгаа бөгөөд үлдсэн 105 мянган тунг зорилтод бүлгийн иргэдийг дархлаажуулах юм байна. Зорилтод бүлэгт 507 мянга гаруй хүн байгаагаас одоогоор 25 хувийг нь вакцинжуулалтад хамруулсан, үлдсэн 380 мянган иргэнийг дараагийн вакциныг хүлээн авсны дараа хамруулахаар төлөвлөж байна гэж ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа ЭМЯ мэдээллийн үеэр танилцуулав.
Л.Баяр