Үе үе сүртэй мэдэгдэл хийж, хаашаа ч хамаагүй холбирч, үзэл бодол, байр сууринаасаа хялбархан ухардаг шинж тэмдэгээр нь иргэд дотоодын попуудаа таньдаг бол тэдний үйлдэл улс орныхоо хөгжлийг боомилж, залуучуудын амьдралд сүүдрээ тусгадгаараа хамгийн хортой. Популист улс төрчдийн нэрсийг жагсаавал цөөнгүй хүний нэр гарч ирэх ч тэдний дунд УИХ-ын гишүүн С.Ганбаатарын нэр нэлээн дээгүүр бичигдэх нь гарцаагүй.
Дэлхийн томоохон “Bridgewater Associates” хөрөнгө оруулалтын сан “Популизм: үзэгдэл” гэсэн тайлан судалгаандаа “Популизм нь энгийн хүний элит, системийнхээ эсрэг гаргасан бослого. Ихэвчлэн энгийн, боловсролгүй нэгний эрх мэдэл рүү тэмүүлэхдээ ашигладаг зүйл” хэмээн тодорхойлжээ. Сонгуулийн кампанит ажлын явцад хэтэрхий хурц хэлбэртээ ордог популизмаас дэлхий ертөнцийг томоохон дайнд түлхэх үйлдэл ч гарч болдог бол манай попуудын тод төлөөлөгч С.Ганбаатарын “өөрийгөө шатаана” гэсэн хийрхлээс болж энэ хавар гурван алтан амь, гурван сайхан залуу амь насаа алдаад байна.
С.Ганбаатар гэж хэн бэ?
2000-аад оны дундуур Монголын нийгэм гэнэтхэн нэг фэнгшүчин мэндлэв. Хэл ярины тод хөгжлөө фэнгшү гэх хятад шашны бараа бүтээгдэхүүн борлуулах ажилд зориулсан С.Ганбаатарыг 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Н.Энхбаяр ашиглан, Монголын үйлдвэрчний эвлэл хэмээх том айлыг таслан өгсөн түүхтэй. Ийнхүү С.Ганбаатар улс төрд орж, бусдын үг, үйлдлийг дамжуулдаг “Морь унасан толгойгүй” хүн болж хувирсан. Тэр Оюутолгойн гэрээг 2009 оноос эсэргүүцсэн ч хөөгдөөд гарсан сургуулиа төгссөн гэж залсанаас өөр мэдлэг боловсролгүй, диплом ч үгүй учир хол явдаггүй. С.Ганбаатараас өөр олигтой хүн байсан бол Оюутолгойн гэрээг аль эрт засуулах байсан ч мэдлэг дутсан энэ хүн тэмцлээсээ ердөө “Попын хаан” нэртэй хоцорсон.
2017 онд С.Ганбаатар МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ “МҮҮН-ийн шашны тэргүүлэгч, Солонгос иргэнээс 50 сая вон алгаа тосон авсан бичлэг ил болж байв. Монгол Улсын сонгуульд гадны иргэн байгууллагын хөрөнгийг ашиглах явдал хориотой байдаг ч С.Ганбаатар улс үндсэнийхээ эрх ашгийг мартаад гадны байгууллагаас мөнгө авч, дотоод сонгуульд шашны нөлөө оруулах оролдлогыг хийсэн бөх зүрхтэй нэгэн. Тавин 50 сая вон нь тухайн үед монгол төгрөгөөр 100 сая төгрөгтэй тэнцэж байсан бөгөөд хэргийг цагдаагийн байгууллага шалгаж, шүүхээс С.Ганбаатарын хандивт авсан 50 сая воныг улсын орлогод хураах зэрэг шийдвэрүүдийг гаргаж байсан билээ. Морь унасан толгойгүй хүн маань 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшихдээ ч мөн л МАН-ын саналыг хуваахаар мөнгөөр дэвшсэн гэх яриа байдаг.
Сар шинийн баярын өмнө дэлгэсэн С.Ганбаатарын Оюутолгойн гэрээтэй холбоотой дуулиан өөрийнх нь санаачилга биш. Бусдын захиалга байсан. Энд С.Ганбаатар дахин “Морь унасан толгойгүй хүн” шиг ашиглагдан, өлсгөлөн зарлаж сүржигнэсэн юм. Бодит байдал дээр Оюутолгойн 66 хувийг эзэмшигчид болон Монгол Улсын Засгийн газар хоёр асуудлыг нааштай шийдэх тал дээр С.Ганбаатартай, С.Ганбаатаргүй зөвшилцөж чадаж байгааг өрнөж буй үйл явдлууд харуулж байгаа. Харин ч С.Ганбаатарын “Өөрийгөө шатаана, шатах эсэхээ эхнэрээсээ асууна” гэсэн муйхар үг залуучуудын сэтгэл зүйд хүндээр тусаж, гурван ч залуу ар араасаа тэрний хэлсэн аргаар хорвоогийн мөнх бусыг үзүүлэв. Ямар ч эхнэр нөхрөө шат гэж хэлэхгүй. С.Ганбаатар үүнийг сайн мэднэ. Гайтай нь түүний попрол гурван хүний алтан аминд хүрсэн ч тэр өнөөдрийг хүртэл жигшмээр үйлдэлдээ уучлал хүсээгүй л явна. Нийгэмд аймшигтай үхлийг тулган сануулж, олон нийтийн сүлжээгээр хэд хэдэн хүн алтан амиа алдах сэдлийг дамжуулсан зөвхөн энэ үйлдлийнх нь төлөө УИХ болон МАХН Эрдэнэтийн сонгогчид түүнийг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах ёстой.
МАХН болон Н.Энхбаяр түүнийг Ерөнхийлөгч Х.Баттулгад илтэд тал засан “2021 онд нэр дэвшихгүй, нутгийн ахаа дэмжинэ” хэмээн ам өчиг өгснийг зарлан намаасаа 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдгээ зарласны дараа С.Ганбаатар “Морь унасан толгойгүй хүн”-ийхээ ажлыг ахиад л үргэлжлүүлж эхэллээ. Тэр энэ удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших сонирхолтой яваа Ерөнхийлөгч Х.Баттулгын хүслийг гүйцэлдүүлэхээр ээлжит популизмаа эхлүүлжээ. С.Ганбаатарын хийрхэл монголчуудад гай дагуулахаас биш гавьяа авч ирэхгүй нь тодорхой.
Б.Ирээдүй