Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.
Гуравдугаар сарын 12-14-ний өдрийн хооронд иргэдээс нийт 607 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 11 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.07 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 57 иргэн хандсанаас 15 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 42 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа.
Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 123 буюу 20.3 хувийг шинжилгээний цэгүүдийн хаяг, байршил, цагийн хуваарь, шинжилгээний цаг хэрхэн захиалах, вакцинаар дархлаажуулах үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл эзэлж байна. Харин 98 буюу 16.1 хувийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын утас, хаяг, байршил, үзүүлж буй үйлчилгээний талаар мэдээлэл авах хүсэлтэй иргэдийн дуудлага эзэллээ.
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаараас иргэдийн түгээмэл асууж байгаа асуултад хариулт өгье.
-Хот хооронд зорчиж болох уу?
-Улаанбаатар хотод орон нутгаас ирсэн иргэд PCR шинжилгээ өгч байнгын хаягтаа буцахад хязгаарлалт тогтоохгүй. Мөн хөдөө орон нутгаас Улаанбаатар хотын харъяат иргэд иргэний бичиг баримт, хаягийн бүртгэлийн дагуу байнгын оршин суух хаягтаа ирэхэд хязгаарлалт тогтоогоогүй болно.
Хөдөө орон нутаг руу хүндэтгэн үзэх шалтгаантай /эрүүл мэнд, албан томилолт, буяны ажил/ иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэр /хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай бусад/ тээвэрлэгчдийг тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр, ПСР шинжилгээний 72 цагийн хүчинтэй хариуг үндэслэн гаргах, халдварын тархалт бүртгэгдсэн газраас ПСР шинжилгээний хариутай, бусад бүс нутгаас асуумжаар халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж оруулна.
-Худалдаа, үйлчилгээний байгууллагууд хэдэн цаг хүртэл ажиллаж болох вэ?
-Худалдаа, үйлчилгээний байгууллагууд 07:00-22:00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулж болно. Улаанбаатар хот доторх хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний 23:00-06:00 цагийн хооронд /эмнэлгийн тусламж үйлчигээ, буяны үйлчилгээ, шөнийн нислэг, инженерийн байгууламж хот нийтийн аж ахуйн, ажил тусгай зориулалтын хэрэгслээс бусад/ бүрэн хязгаарлана.
НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ