АН-ын даргад нэр дэвшигч О.Амартүвшингийн АН-ын гишүүд, дэмжигчдэд хандан гаргасан тайлбарыг хүргэж байна.
Өнөөдрийн бүх нөхцөл байдлыг бид олон талаар нь судалж, шинжилж анализ хийж байгаа. Улс орны эдийн засгийн хийх ёстой үйлдэл бол иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, өнөөдрөөс илүү маргааш сайн сайхан амьдрах. Энэ олон нийгэмд байгаа асуудлуудыг зөв ул үндэстэй шийдэж, эцсийн дүндээ дэлхийн жишиг шиг бид хөгжих ёстой.
Эрүүл мэнд, боловсролын үйлчилгээгээ эх орондоо авч чаддаг байх ёстой. Бусад улсын дундаж иргэдийн хэмжээнд манай улсын иргэд амьдрах ёстой. Үүнийг хийж бүтээх, удирдан манлайлах чиг үүрэг нь улс төрийн намуудад байдаг. Өнөөдөр ардчилсан нам дараалсан хоёр том ялагдлын ард болж өнгөрсөн бүх процесст дүгнэлтээ хийх ёстой. Цаашдаа хэрхэн алдаагаа засаж, залруулан хоёр том багана болсон улс төрийн хүчнийхээ үүргийг буцааж сэргээх вэ, эргэн ирэлтийг хэрхэн хийх вэ, хэрхэн гол сүрэг хүчин болох ёстой вэ гээд олон асуулт байна.
Өнгөрсөн онд Улсын их хурлын сонгуулийн дараа буюу 8, 9 дүгээр сард нийслэл, орон нутагт амьдарч буй хувь хүмүүс, намын гишүүдийг хамруулан том хэмжээний судалгаа хийлгэсэн. Энэхүү судалгаанд иргэд юу хүсэж байна, гишүүд юу хүсэж байна, бидний алдаа оноо нь хаана байна вэ гээд маш олон зүйл тод, томруунаар харагдсан.
Тодруулбал, намд хамгийн чухал зүйл бол эв нэгдэл юм байна. Бид хагарал бутралаа ялах ёстой юм байна. Харин дараа нь 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын үзэл санаа, яруу алдар, хүн болгоны эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө, эвлэлдэн нэгдэх, үгээ хэлэх эрх чөлөө гэдэг зүйл буюу “унтчихсан” үзэл санаагаа сэргээх ёстой юм байна. Дахин шинэчлэх ёстой юм байна. Ирээдүйн 10-20 жилийн тодорхойлохуйц дэвшилтэт байх ёстой юм байна. Ингэж чадвал бид ард иргэдийн хүсэж, хүлээж байгаа улс төрийн хүчин болж, тэдний дэмжлэгтэйгээр буцаад улс төрийн манлайллаа олж авах боломж бүрдэнэ гэж харж байгаа.
Эдгээр бүх зорилгыг нэгтгээд харахаар ардчилал гэдэг бол өнөөдөр зөвхөн Ардчилсан намын үйл хэрэг биш, ардчилал гэдэг бүх ард түмний, иргэн бүрийн үйл хэрэг юм байна. Үүнийг хамгаалах, илүү өнгөлж тордож байх, арчилж усалж байх үүрэг нь бидэнд байдаг.
Баруун төвийн үзэл гэж үндсэндээ хэрхэн иргэдээ баян болгох вэ, аж ахуйн нэгж, хувийн хэвшлээрээ дамжуулан улс орон яаж орлоготой баян болох вэ гэдэг л зүйл. Үүнтэй холбоотой бүх реформыг Ардчилсан нам үеийн үед хийж байсан түүхтэй. Энэ түүхийг буухиалах, ачааны хүндийг үүрэх цаг нь болж намын маш олон мянган гишүүд дэмжигчдийнхээ итгэлийг авч, намаа буцаан сэргээе, намдаа эргэн ирэлтийг авчиръя, намдаа ялалтыг авчиръя гэдэг зорилгоор Ардчилсан намын даргын сунгаанд нэрээ дэвшүүлсэн. Энэ шийдвэрийг 2020 оны Улсын их хурлын сонгуулийн дараа гаргасан. Өнөөдөр сунгаа албан ёсоор эхлээд явж байна.
Манай намын эгнээнд дэвшилтэт үзэлтэй, баруунд, дотооддоо мэдлэг боловсрол эзэмшсэн, ажлын туршлагатай, аливааг хийж бүтээе гэсэн эрмэлзэлтэй залуучууд байдаг. Харамсалтай нь бид бодлого зорилгоо зөв ойлгуулж чадахгүй, дотоодын зөрчил, хагарал, бутрал магадгүй энэ намын лидерүүдийн зөрчилдөөний сүүдэрт дарагдаад байна. Тэгэхээр бид үзэл санаагаа илүү ил тод, нээлттэй илэрхийлэх ёстой.
Ардчилсан нам өөрөө ардчилалгүй болчихсон байна. Бид ардчилал ярьж байгаа бол эхлээд өөрөөсөө алдаагаа засах ёстой. Дараа нь дэлхийн жишгээр явах ёстой. Хэрвээ коммунизм болон социализм зөв байсан бол бид энэ зүйлийг өнөөдөр ярих боломжгүй бөгөөд харьцуулаад үзэхэд тэнгэр газар шиг ялгаатай байна. Эрх барьж байгаа цөөн хүмүүс олон хүний амьдралыг өөрийн хүсэл зорилгоор байлгана гэдэг бол ямар олон аюул заналыг дагуулдаг, ямар олон хүний эрх зөрчигдөж, ямар олон хүн боломж бололцоогоо алдаж байгаа вэ гэдгийг өнөөдөр хүн бүр ойлгож байна. Монгол Улс нийгэм, эдийн засгийн хөгжил, өрсөлдөх чадварын үзүүлэлтээрээ 130-140 дүгээр байранд буюу дандаа сүүл мушгиж байна. Юу хэлэх гээд байна вэ гэхээр Монголын гурван сая гаруй иргэдийн туйлын хүсэл эрмэлзэл бол сайн, сайхан амьдрах. Өөрийн хүсэж байгаа мэргэжлийн дагуу ажиллаж, хөдөлмөрлөөд дэлхийн хэмжээнд үзэж харах ёстой зүйлээ, эдлэх ёстой эрхээ, эмнэлэг, нийгмийн үйлчилгээ, эзэмших боловсрол гээд бүгдийг тэгш шударга, элдэв бухимдалгүй авах тухай ойлголт юм. Ингэхийн тулд улс түргэн хугацаанд хөгжиж дэвших шаардлагатай.
Өндөр орлоготой болох хэрэгтэй. Бидэнд тийм түүхэн цагууд байсан. Өнөөдөр бид дахиад түүнийгээ сэргээх ёстой. Дэлхийн дундаж амьдралтай иргэдийн хэмжээнд Монгол Улсын иргэдээ амьдруулах шаардлагатай.
Өнөөдөр иргэдийн дунд маш их бухимдал байна. Иргэдийн дундаж наслалт богиносож байна. Мөн хөдөө орон нутагт амьдарч байгаа иргэдийн асуудал гээд задлаад үзвэл асуудалгүй салбар алга. Төр засаг нь том зургаар үүнийг харахгүй жижиг асуудал руу орж байна. “Ковид-19” халдварын хугацаанд бид үндсэндээ бүтэн жил, нэмээд сүүлийн 100 хоног хатуу хөл хорионд байлаа. Иргэд үүнийг хүсэхгүй байна. Төр засгийг зөв менежмент хийгээсэй гэж хүсэж байна. Асуудлыг илүү том зургаар харж, салбарыг системээр нь шинэчлээсэй гэж хүсэж байна. Эрүүл мэндийн тогтолцоо болон боловсролын тогтолцоог ямар хүнд байдалд орчихсон юм бэ гэдгийг өнөөдөр л бүгд ярьж, анхаарч эхэлж байна. Энэ болгоныг зүгээр сэтгэл хөдлөлөөр шийдчих боломжгүй. Тооцоо судалгаа шинжлэх ухааны үндэстэйгээр бид засаж залруулах ёстой.
Өнөөдөр Ардчилсан намын нийт гишүүд намын эв нэгдэлгүй байдал, хагарал, бутралд маш их эмзэглэж байна. Намын лидерүүдийн эргэж буцсан, хариуцлагаа хүлээж чаддаггүй, манлайллаа үзүүлж чадахгүй байж дотоод эрх ашгийн зөрчилдөөн үүсгэж байгаад эмзэглэж байна. Жирийн гишүүдийн үнэ цэн, дуу хоолой олон ялагдлын дараа суларсаар байна. Тэдний үзэл санаа дэвшилтэт зорилт зорилгын төлөө нэгдэхийг хүсэж байна. Энэ асуудлыг яривал маш олон зүйл байна. Жишээлбэл, 2020 оны Улсын их хурлын сонгуулийн нэр дэвшилт маш олон гишүүдийг гомдоосон байна. Жирийн гишүүдээ сонгууль болохоор л ажиллуулж, сонгуулийн дараа мартчихдаг.
Бид шинэ дүрмээ хийж байна гээд маш их дотоод сонгууль, сунгаа хийдэг болсон. Энэ нь өөрөө гишүүдийн дунд хагарал, бутрал, үл ойлголцол болон “мөнгөний” гэж яриад байгаа асуудлыг бий болгосон байна. Бид улс орноо хөгжүүлэхийн тулд нийлж ажиллах ёстой байтал дотоод зөрчил, үл ойлголцол гээд жижиг ахуйн асуудалтай зууралдсаар байтал сонгуульд хэрхэн яаж оролцохоо төлөвлөөгүй.
Судалгаанаас харахад манай намын мөрийн хөтөлбөрийг ард түмэнд таалагдсангүй гэж гарсан. Бид бодитой үйл ажиллагаа хийх байтал популист хэв маягтай асуудлууд гаргасан нь ард иргэдэд таалагдаагүй. Мөн Улсын их хурлын сонгуульд өрсөлдөх гишүүдээс 100 сая төгрөг авсан нь иргэдэд таалагдаагүй байна. Яагаад гэвэл иргэдийн амьдрал хүнд, орлого бага байхад энэ мэт авилга хээл хахуультай холбоотой асуудлуудад их орооцолдож байна. Энэ болгонд жирийн иргэд, гишүүд, дэмжигчид маань итгэл алдарч, гомдож байна. Тэд ажилтай орлоготой байхыг л хүсэж байна. Итгэл үнэмшилдээ үнэнч байхыг хүсэж байна. Нэгдсэн бодлого, зорилт, зөв манлайлалтай байхыг хүсэж байна.
Судалгааг бид голчилж ярих ёстой. Яагаад гэдгээ судалгаанд үндэслээд зөв оношилж чадах юм бол энэ алдаа дутагдлаа зөв засаж чадна. Ардчилсан намын ялагдал намын дотоод хагарал, эв нэгдэлгүй байдлаас болсон гэж нийт судалгаанд оролцогчдын 71 хувь нь хариулсан байна. 10 хүний долоо нь үүнийг сануулсаар байхад бид үүнийгээ засаж, залруулж, эвлэлдэн нэгдэж чадаагүй байна. Тиймээс миний нэг гол зорилго бол энэ хагарал бутралыг ялах ёстой. Эвлүүлэх, эвийг сахиулах нь хамгийн чухал хийх ёстой ажил гэж харж байна. Мөн намын удирдлагад хэт их эрх мэдэл өгсөн нь бидний ялагдлын шалтгаан болсон гэж судалгаанд оролцогчдын 54.9 хувь нь хариулсан байсан. Дүрмээрээ тоглодоггүй, дандаа дүрэм зөрчдөг, дураараа шийдвэр гаргадаг байдал нь намын гишүүдийн итгэл үнэмшлийг сулруулж байна. 2020 оны Улсын их хурлын сонгуульд маш олон залуучууд дэвшихээр бэлдэж байсан, ажиллаж байсан. Гэтэл нэг өдрийн өмнө огт бэлтгэлгүй хүмүүсийг оруулж ирсэн нь “мөнгөний” сонгууль боллоо гэж намын жирийн гишүүд үзэж, дургүйцсэн.
Сонгуулийн зохион байгуулалт буюу маш зөв менежмент, тактик, пи-артай байх ёстой байсан. Үүнд нэгдсэн зохион байгуулалт байгаагүй гэдэг дээр судалгаанд оролцогчдын 60 орчим хувь нь хариулсан байсан. Би үүнтэй ч бас санал нэг байна. Юуг иргэддээ амлах гээд байгаа юм, юуг нь өөрчлөх гээд байгаа юм, юуг засаж сайжруулах гээд байгаа юм гэдэг дээр ямар ч бодлого байгаагүй. Мөрийн хөтөлбөрт багтсан асуудлууд нь түр зуурын буюу санал авахад чиглэгдсэн популизм байна гэж харсан. Цар тахалтай холбоотойгоор маш олон аж ахуйн нэгж хаалгаа барьж, маш олон хүн ажлын байраа алдсан хүнд үед нэр дэвшигчдээс 100 сая төгрөг авна гэж мөнгөний босго тавьж “мөнгөний” сонгууль болгосон нь иргэдийн дургүйцлийг хүргэсэн. Бид энэ мэтчилэн шалтгаануудаас болж ялагдал хүлээсэн. Харин одоо үүн дээр дүгнэлт хийж, үүнийг хэрхэн зөв зүйтэй засаж залруулах вэ гэдгээ ярилцах цаг нь болсон. Би энэ судалгаан дээр үндэслээд шийдлээ гаргасан байгаа. Бид үүнийгээ хийж, хэрэгжүүлж чадна гэж харж байна. Намын мянга мянган залуучуудын хүсэл мөрөөдлийг зөв манлайллаар зангидах боломж бий гэж харж байна.
Манай намын гишүүд маш их бүтээлч, үзэл бодолдоо үнэнч, тууштайгаас гадна хийх бүтээх олон ургалч санаа дэвшүүлж хоорондоо мэтгэлцэж маргадаг, зөрчилддөг. Энэ зөрчлөөс хөгжил дэвшлийн шинэ зорилго, шинэ санаа гарч ирнэ.
Нийгмийн тогтолцоо гэдэг ямар хатуу, хэцүү гэдгийг манай өмнөх үеийнхэн мэдэж байгаа. Миний үе бол зах зээлийн шилжилтийн үе. Намайг дунд сургуульд сурч байхад манай нийгэм зах зээлд шилжиж байлаа. Хүн өөрөө мэдлэг боловсрол олж авахын хэрээр, хөдөлмөрлөхийн хэрээр, бодож сэтгэж чадахын хэрээр боломж бололцоо хүн болгонд олддог юм гэдгийн нэгэн жишээ гэж би өөрийгөө хардаг. Энэ утгаараа бидний найз нөхөд, хүрээлэл цаашлаад нийт монголчууд ингэж боддог гэж бодож байна. Хүн хэчнээн илүү сурч мэдэж, хөдөлмөрлөнө, сайн сайхандаа тэмүүлнэ, зорино тэр хэрээрээ Монголын амьдрал сайн сайхан болно. Гурван сая хүний мөрөөдөл Монгол Улсын хүсэл мөрөөдөл болж урагшилна. Манай намын залуучууд илүү бүтээлч сэтгэлгээтэй, олон ургалч санаатай, эрүүл зөв өрсөлдөөнтэй байдаг. Эдийн засгийн эрх чөлөө, эвлэлдэн нэгдэх эрх чөлөө гэдэг бидний үнэт зүйлс байдаг. Үнэт зүйлсээ бид өнгөлөх, тордох, хамгаалах нь нийт Монголын хувь заяатай хамааралтай болчхоод байна.
Хувь хүний үзэл, итгэл үнэмшил, хүсэл тэмүүлэл, мөрөөдөл өөрөөр хэлбэл эдийн засгийн эрх чөлөөнд хүрэх мянга мянган иргэд, залуучууд, гишүүдийн мөрөөдөл, үнэт зүйл, зарчим, эрмэлзэл намайг энэ намыг зөв засаж залруулах, зөв манлайлах, зөв хөгжилд хөтлөх хамгийн том түлхэц болсон. Олон сайхан найзууд минь “Ардчилсан нам шинэ төвшинд гарах ёстой.
Өнөөдөр шинэ үе энэ намыг шинэ хөгжил, шинэ төвшинд гаргаж чадна. Тэгэж чадвал улс орон хөгжинө. Чи үүнийг хийж чадна” гэж итгэл үнэмшил өгсөн учраас би намын даргад нэрээ дэвшүүлж байгаа юм.
2020 онд бид дараалсан маш том ялагдлыг хүлээсэн. 2016 оны Улсын их хурлын сонгуулийн үр дүнгээс ч ухарсан. Намын мянга мянган гишүүдийн хүсэл мөрөөдөл, ажилласан хөдөлмөр, хичээл зүтгэл бүгд үндсэндээ шалаар унасан. Сонгуулийн дараа би нэг зүйлийг маш их бодсон. Бид юунаас болоод ялагдсан бэ, ялагдлын шалтгаан нь юу байв гээд социологийн судалгаа хийлгэхээр шийдсэн. Аливаа нийгмийн үйл явцыг зайлшгүй судалж мэдэж, зөв оношилж байж дараагийн зөв стратегийг боловсруулах ёстой. Энэ нь хувийн хэвшилд ч байдаг, бүх улс оронд байдаг зүйл. Бид яаж хөгжих вэ, АНУ, Япон улс гээд өндөр хөгжилтэй орнууд юу хийж энэ хөгжилд хүрсэн бэ гэдгийг л судлах ёстой. Түүнээс зүгээр өнөөдөр даган дуурайж байж болохгүй.
Нам маш том ялагдал хүлээсэн учраас шинжлэх ухаанч байдлаар хандаж судлах нь зүйтэй гэж үзсэн юм. Нэлээдгүй цаг хугацаа орсон. Энэ судалгааны үр дүн бидний яагаад гэсэн асуултын хариултын маш тодорхой гаргаж өгсөн. Үүн дээр үндэслээд бид алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрөх ёстой. Тэгэж байж бид нэг ойлголттой болно.
Ардчилалд, Ардчилсан намд нийт иргэдийн 60 гаруй хувь нь хайртай. Даанч бидний дотоод зөрчил, тэмцэл өөрөөсөө түлхчихээд байна. Намын даргад нэрээ дэвшүүлж байгаа хүн хийх ажлын төлөвлөгөөтэй байх ёстой. Би судалгаан дээр үндэслээд төлөвлөгөөгөө гаргасан. Маш энгийнээр ярих юм бол эхлээд бид хагарал бутралаа ялах ёстой гэж харж байна. Дараа нь үзэл санааны ялалтыг бий болгох ёстой. Ингэж байж нам эргэн ирнэ. Улс төрийн намын үндсэн зорилго бол сонгууль байдаг. Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирчихлээ. Энэ судалгаанд үндэслээд Ерөнхийлөгчийн сонгуульд ялах ёстой.
Улс орныг зөв манлайлахын тулд, зөв удирдахын тулд бид 2024 сонгуульд ялах ёстой. Бид ингэж чадвал хүчирхэг, баян Монгол Улсыг цогцлоон бүтээх, монголчууд нийт үндэстнээрээ ялах боломж бүрдэнэ. Дахиад хэлэхэд шинжлэх ухаанч байдлаар л асуудалд хандах ёстой.
Сэтгэлийн хөөрлөөр, найз нөхдөөсөө сонссон үгээр, өөрийнхөө бодлоо аливаад хандана гэдэг бол алдахын дохио юм. Тийм учраас миний боловсруулсан мөрийн хөтөлбөр, үзэл санаа бүх зүйл мянга мянган гишүүдийн бодит судалгаа, мэргэжлийн хүмүүсийн өгсөн дүгнэлтэд үндэслэсэн. Улс орныг хөгжүүлэхэд хамгийн чухал зүйл бол улс үндэстнээрээ зорилгоо харсан, алсын хараагаа харсан нэгдмэл байх ёстой. Ингэж чадах юм бол бид өөрт байгаа маш олон боломжийг баялаг болгож чадна.Миний яриад байгаа эрүүл мэнд, боловсрол, нийгмийн асуудал, ядуурал, авилгал гээд болж бүтэхгүй байгаа бүх зүйлийг арилгах жор нь, шийдэл нь энэ судалгаанд байгаа.
Ардчилсан намын журмын нөхөд, ардчиллын алтан хараацайнууд, найз нөхөд өө! Ардчиллын таван ялалт бол ард түмний таван ялалт байх болно. Улс үндэстнийхээ сайн сайхан хөгжлийн төлөө хамтдаа ялцгаая.
АН-ын даргад нэр дэвшигч О.Амартүвшин