УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.
Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бид хаврын чуулганаар дөрвөн асуудалд анхаарах шаардлагатай гэж үзлээ.
Нэгдүгээрт, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу эрх зүйн шинэчлэлүүдийг эхлүүлэх зайлшгүй шаардлага бий болж байна. Үүнд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Төрийн өмчит компаниудын тухай хуулиудыг энэ чуулганаар хэлэлцэн батална.
Мөн Улс төрийн намын тухай хууль, Ерөнхийлөгчийн тухай хууль, Хот тосгоны, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг хаврын чуулганаар хэлэлцэн батлах ёстой.
Хоёрдугаарт, хүний эрхийг хангах, шүүх, хуулийн байгууллагын хараат бус байдлыг хангахад чиглэгдсэн хуулиуд байгаа.
Гуравдугаарт, УИХ-ын хяналт шалгалтын чиг үүргийг нэмэгдүүлэхэд анхаарах ёстой. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын томилгоо хийдэг, төсөв баталсан чиг үүрэг нь хумигдсан ч гэсэн хяналт тавьдаг чиг үүрэг нь нэмэгдсэн. Энэ эрх зүйн орчныг тодорхой болгоно.
Дөрөвдүгээрт, Оюутолгойн гэрээтэй холбоотой УИХ-аас өнгөрсөн онд гаргасан 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллана.
Энэ дөрвөн чиглэлд хаврын чуулганы эрх зүйн гол шинэчлэл хийгдэх болно” гэв.