Засгийн газрын өнөөдрийн ээлжит хурал боллоо. Хурлаар төрийн өмчит болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагад бүтцийн өөрчлөлт хийх талаар товч танилцуулга хийж, тэмдэглэлээр чиглэл авсан тухай Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ.
Олон жил ашиггүй байсан, үр дүнгүй, алдагдалтай, зардал ихтэй, хөрөнгийн удирдлагын менежмент сул төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд бүцтийн өөрчлөлт хийхээр удаа дараа асуудлыг УИХ-ын түвшинд тавьж байсныг тэрээр мэдээллийн эхэнд онцлов. Шинэ Засгийн газар эхний 100 хоногтоо энэ ажлыг нэн тэргүүнд хийхээр болж байгааг тодотголоо.
Манай улсад төрийн өмчит 107, орон нутгийн өмчит 232, нийт 339 аж ахуй нэгж байна. Засгийн газрын хуралдаанд тэдгээр аж ахуйн нэгжүүдийг хэвийн буюу үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх боломжтой, эрсдэлтэй буюу яаралтай бүтцийн өөрчлөлт хийх, анхаарал татсан, асуудалд орсон зэрэг дөрвөн хэсэгт хуваан танилцуулга хийжээ.
2019 оны байдлаар, 339 компанийн нийт өр төлбөр 37 их наяд төгрөг байгаа бол 1.5 их наяд төгрөгийн ашигтай ажиллажээ. Тодруулбал, Эрдэнэт үйлдвэр 1.1 их наяд, Эрдэнэс таван толгой 440 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бол бусад компаниуд алдагдалтай ажиллаж байна.
Тэдгээр компаниудыг өмчлөлийн хувьд гурван чиглэлд хувааж бүтцийн өөрчлөлт хийхээр Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр чиглэл болгосон байна.
Нэгдүгээрт, Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжийг олон нийтэд зарлаж, 100 хувь төрийн өмчит хэлбэрээр үйл ажиллагааг нь үргэлжлүүлнэ.
Тухайлбал, УУХҮЯ, Эрчим хүчний яамны харьяанд байдаг Эрдэнэс таван толгой, Эрдэнэс монгол, цахилгаан станцууд хамаарна. Мөн дулаан, цахилгаан түгээх, дамжуулах үүрэг гүйцэтгэдэг, тарифыг хатуу барихад оролцдог дэд бүтцийн компаниудыг 100 хувь төрийн эзэмшилд авч явна.
Хоёрдугаарт, олон жил үр ашиггүй, алдагдалтай явж ирсэн, үүргийг нь хувийн хэвшил гүйцэтгэж болохуйц төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг Компанийн тухай хуулийн дагуу татан буулгах, нэгтгэх ажлыг хийнэ. Ингэхдээ, тухайн компаниудыг алдагдалд оруулж, дампууруулахгүй байхад ТӨБЗГ болон салбарын яамд онцгой анхаарахыг даалгасан байна.
Гуравдугаарт, эдийн засгийн үр өгөөжтэй компаниудын хувь эзэмшлийг биржээр дамжуулан олон нийтийн хяналтад оруулж, зөв засаглал руу шилжүүлнэ. Ингэхдээ, ажлын чиглэл, үр өгөөжийг харгалзан төрийн өмчит оролцоотой хуулийн этгээдийн 34 хувь хүртэлх хувьцааг хөрөнгийн биржид нээлттэй хэлбэрээр арилжаална. Ингэснээр, олон нийтийн хяналтад орж үр өгөөж нь сайжирна.
Өөрөөр хэлбэл, жижиг хувьцаа эзэмшигч нарын оролцоотой засаглалд тавих хяналт, ил тод байдал, ашигтай ажиллагаа сайжирна гэж үзжээ. Үүний сайн жишээг дурдахад, Монгол шуудан ХК 2016 оны нэгдүгээр сард 34 хувиа бирж дээр арилжаалснаар, хөрөнгийн өгөөж, ашигтай ажиллагааны коэффициент 3-5 дахин нэмэгдсэн байна.
Мөн төрийн өмчийн компаниудыг тендерийн хуульд захируулж худалдан авах ажиллагааг явуулахыг Засгийн газрын чиглэлд тусгажээ.
Б.Эрдэнэ