Монгол Улс ОХУ-ын гарган авсан “Спутник-V” вакциныг өнгөрсөн сарын 27-нд хүлээн авсан. Ингэснээр тус вакциныг хүлээн авсан 23 дахь улс болсон байна.
“Спутник-V” вакцины үйлдвэрлэл, хэрэглээ, зөвшөөрөл, бүртгэл зэрэг тус вакциныг тойрсон асуудлаар цахим уулзалт боллоо.
Уулзалтыг ОХУ-ын хамтын ажиллагааны “Россотрудничество” агентлагийн Монгол дахь Төлөөлөгчийн газар зохион байгуулж, Монгол Улс, ОХУ-ын сэтгүүлчдийн байгууллага, Монголын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэг болон “Монгол Эмимпекс концерн”, “Интермед” эмнэлгийн төлөөлөгчид, хоёр орны эмч, анагаах ухааны эрдэмтэд оролцлоо.
“Россотрудничество” агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга А.Р.Базархандаев уулзалтыг нээж “Спутник-V” вакцины талаар мэдээлэл өгөв. Тус вакцин нь өнгөрсөн оны 8 дугаар сарын 11-нд ОХУ-д бүртгэгдсэнээр “COVID-19” цар тахлын эсрэг дэлхийн анхны бэлдмэл болжээ. (өөр нэр нь “Гам-КОВИД-Вак”). “Спутник-V” вакциныг өнөөдрийн байдлаар Казахстан, Аргентин, Алжир, Беларусь, Болив, Палестин, Венесуэл, Парагвай, Киргиз, Узбекстан, Унгар, Иран, Арабын нэгдсэн Эмират улс, Тунис, Армен, Босни-Герцеговин, Монтенегро, Мьянмар, Бахрейн, Монгол, Ливан, Гватемал, Сан-Марино, Египет, Сири, Гондурас, Вьетнам зэрэг дэлхийн 38 улс бүртгэснээс 9 улс татан авч, 5 улс хэрэглэж эхэлжээ. Беларусь улс ОХУ-тай хамтран вакцин үйлдвэрлэж эхлээд байна.
Дархлаажуулалтад өнгөрсөн оны 12 дугаар сараас хэрэглэж эхэлсэн “Спутник-V” вакциныг өнөөдөр ОХУ-д Гамалейн хүрээлэн болон “Биннофарм”, “Фармсинтез”, “Р-Фарм”, “Биокад”, “Генериум” зэрэг хэд хэдэн компанид үйлдвэрлэж байна.
ОХУ-д өнгөрсөн оны сүүлээс эхэлсэн вакцинжуулалтад эхний ээлжинд эрүүл мэндийн болон нийгмийн ажилтнууд, багш нарыг хамруулж, улмаар энэ оны 1 дүгээр сарын 18-наас хүн амын бусад бүлгийг хамруулж эхэлсэн байна. 2 дугаар сарын 25-ны байдлаар 5.8 сая иргэнийг вакцинжуулалтад хамруулаад байна.
ОХУ-д өнөөдрийн байдлаар “Спутник-V” вакциныг оролцуулаад Новосибирскийн “Вектор” төвийн “ЭпиВакКорона”, М.П.Чумаковын нэрэмжит эрдэм шинжилгээний төвийн боловсруулан гаргасан “КовиВак” гэсэн 3 нэрийн вакциныг албан ёсоор бүртгэн дотооддоо болон олон улсад хэрэглэж байна.
Уулзалтад оролцсон ОХУ-ын Эрхүү хотын Анагаах ухааны их сургуулийн доктор Курбан Аитов хэлэхдээ, ОХУ коронавирус төрлийн ижил болон бусад халдварын эсрэг үйлчилгээг 50 жилийн өмнөөс судалж эхэлсэн, вакцин гарган авах, хөгжүүлэхэд түүнээс их хугацааг зарцуулж ирснийг онцлоод, тус улсын гаргаж буй халдварын эсрэг вакцинуудаас ноцтой хор уршиг бүхий урвалын шинж тэмдэг, эсрэг үйлчилгээ илрээгүйг тодотгов.
ОХУ-аас цаашид 200-250 мянган тун “Спутник V” вакциныг Монгол Улсад нийлүүлнэ
Цахим ярилцлагад УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн оролцохдоо, Монгол Улсын төр, засгаас хүн амаа үнэ төлбөргүй дархлаажуулж буйг дурдаж, вакцинжуулалтыг өргөжүүлэх шаардлага тулгарч буйг хэллээ. Мөн цахим уулзалтад оролцож буй ОХУ-ын Эрхүү хотын Анагаах ухааны их сургуулийн доктор Курбан Аитовын хэлсэнчлэн, вакцингүйгээр амьдрахгүй гэдэгтэй санал нэг байгаагаа тодотгож, “Манай улсад ОХУ-ын вакциныг таатай хүлээн авч байгаа. ДЭМБ-аас зөвшөөрсөн хариу өгөхөд дархлаажуулалтад хэрэглэхэд бэлэн болсон. ОХУ бусад төрлийн вакцины хөгжүүлэлт, үйлдвэрлэлтэд тэргүүлнэ гэдэг итгэлтэй байгаа”-гаа илэрхийллээ.
Уулзалтад оролцсон анагаах ухааны доктор, эрүүл ахуйч эмч Х.Жамбалмаа, “Манай улс олон төрлийн өвчнийг анагаахад хүүхэд багачуулаасаа эхлээд ОХУ-ын вакциныг олон жил хэрэглэж ирсэн” гэдгийг онцолж байв.
ОХУ мэдээллийн тэргүүн эгнээнд явж буй сэтгүүлчдийг вакцинжуулалтын эхний ээлжинд хамруулан дархлаажуулж эхэлжээ.
ОХУ-ын “Спутник-V” вакциныг эх орондоо нийлүүлсэн “Монгол Эмимпекс концерн” ХХК-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан захирал Б.Мөнх-Эрдэнэ өнөөдрийн уулзалтад оролцож хэлэхдээ, “Манай компани вакцинаас гадна “COVID-19”-ийн цар тахлын үед шаардлагатай байгаа бусад эм бэлдмэлийг нийлүүлж байна. Бид дэлхийн тэргүүлэх хөгжилтэй улс орнуудад хөгжүүлж буй вакцинуудын талаарх мэдээллийг авч, олон талаар судалгаа хийж үзсэн. Ингээд шинжлэх ухаан, анагаах ухааны хөгжлөөр тэргүүлэгч ОХУ-ын гарган авч буй вакцин илүү идэвхтэй, үйлчилгээ сайн гэдгийг мэдэж, “Спутник-V” вакциныг авах талаар өнгөрсөн оны 10 дугаар сараас ОХУ-ын холбогдох байгууллагатай харилцаж эхэлсэн. Үйл явц амар байгаагүй.
Хамтын ажиллагаа аяндаа бий болж, Монгол Улсын Засгийн газрын захиалгаар ЭМЯ-тай ярилцан гэрээ байгуулж “Спутник-V” вакциныг эх орондоо нийлүүлэх ажилд оролцож байна. Нийт 20 мянган тун оруулж ирэхээс эхний хэсгийг нийлүүлж, дараагийнхыг 3 дугаар сарын 10 гэхэд хүлээн авна. Цаашид сар тутамд 200-250 мянган туныг оруулж ирэхээр яриа хэлцэл хийж байна.
Б.Эрдэнэ