Нийгмийн даатгалын дэвтэр цахим хэлбэрт шилжиж, дэвтэр дээр шимтгэл төлсөн бичилт хийлгэх, тамга даруулах асуудал үгүй боллоо.
Иргэд, даатгуулагчдын хувьд:
- Нийгмийн даатгалын үйлчилгээг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран чирэгдэлгүй авах;
- Дэвтрийн бичилт хийлгэн баталгаажуулахын тулд нийгмийн даатгалын хэлтэст биеэр очин, дугаарлан цаг хугацаа, зардал гаргах шаардлагагүй болсон;
- Шинэ дэвтэр авах, хаясан үрэгдүүлсэн дэвтрийн лавлагаа авах, баталгаажуулахад цаг хугацаа шаардахгүй болсон;
- Цахим үйлчилгээний олон суваг ашиглах (“нийгмийн даатгал” аппликейшн ашиглах, Хур систем буюу
- ТҮЦ машин, e-Mongolia систем зэрэг)-г ашиглах;
- Даатгуулагч нь ажил олгогчийнхоо нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг хянах, шимтгэлийн өр үүсгэж байгаа эсэхийг сар бүр харах.
Ажил олгогчдын хувьд:
- Нийт 49.0 мянган ажил олгогчийн Нийгмийн даатгалын дэвтэрт сар бүр бичилт хийх, дэвтэрт нийгмийн даатгалын байцаагчаар баталгаажуулалт хийлгэх шаардлагагүй болсноор цаг хугацааг хэмнэсэн, нягтлан бодогчдын ажлыг хөнгөвчилсөн;
- Ажилтныг ажилд авсан, чөлөөлсөн тушаал шийдвэрийг нийгмийн даатгалын цахим системд бүртгэх, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтны тушаалыг нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хавсаргадаг болсноор тушаал шийдвэрийн бичигт хийгдэхгүй орхигдох, ажилтнаас заавал тушаал шаардах болон хуурамч тушаал нөхөж гаргах эрсдэлээс сэргийлэх боломж бүрдсэн.
Нийгмийн даатгалын байгууллага, байцаагчийн хувьд:
- Нийгмийн даатгалын дэвтэр хэвлэхтэй холбоотой төсвийн зардлыг хэмнэх;
- Нийгмийн даатгалын байцаагчийн 964.7 мянган албан журмын, 192.0 мянган сайн дурын, нийтдээ 1.2 сая даатгуулагчийн нийгмийн даатгалын дэвтрийг сар бүр баталгаажуулах, бичилт хийх ажлыг хөнгөвчлөх, ажлын ачааллыг бууруулах;
- Нийгмийн даатгалын байцаагч нийгмийн даатгалын ач холбогдлыг сурталчлах, нийгмийн даатгалын хуульд тогтоомжийн хэрэгжилтийг хангах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ажил олгогч, даатгуулагчдад зөвлөгөө өгөх, шимтгэлийн өр авлагыг барагдуулах, өөрийгөө мэргэшүүлэх, суралцахад түлхүү анхаарах боломж бүрдэх;
- Тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах зорилгоор хуурамч баримт бичиг бүрдүүлэх, нийгмийн даатгалын санд үүсэх эрсдэлээс хамгаалах.
Сайн дурын даатгалыг бүрэн цахимжуулсан:
- Сайн дурын даатгалын цахим системийг нэвтрүүлсэнээр даатгуулагч шинээр сайн дурын даатгалын гэрээ байгуулах, сунгах, шилжилт хөдөлгөөнөө бүртгүүлэх, шимтгэлийн төлбөрөө төлөхийн тулд заавал нийгмийн даатгалын хэлтэс, банкны салбар дээр дугаарлах шаардлагагүй боллоо.
Л.Баяр