Монгол Улсын Шадар сайдын дэргэдэх шуурхай ажлын баг энэ сарын 3-нд хуралдав. Хуралд ирэх дөрөвдүгээр сарын 02 хүртэл эрүүл мэндийн байгууллагуудын хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, дархлаажуулалтын явцын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцуулав.
Шадар сайд С.Амарсайхан тусгаарлах байрны орчин нөхцөлийг сайжруулах, вакцинжуулалтыг эрчимжүүлэхийг Эрүүл мэндийн сайдад даалгав.
Улсын онцгой комиссын Шуурхай штабыг шинэчилсэн зохион байгуулалтад оруулахыг мөн холбогдох албаныханд үүрэг болгов.
Мөн Сонгинохайрхан дүүрэгт гэрийн тусгаарлалтанд орсон ч хэрхэн халдвар хамгааллын дэглэм сахих талаар мэдээлэл өгөхгүй байна гэх гомдол ирүүлсэн иргэнтэй утсаар холбогдож, мэдээлэл авав. Мэдээллийн дагуу УОК-ын Шуурхай штабын албан тушаалтнуудыг газар дээр нь очиж ажиллаад, зөрчил дутагдлыг арилгах үүрэг өгөв. Тэрбээр иргэдэд хүндрэл чирэгдэл учруулалгүй, түргэн шуурхай ажиллаж тусгаарлах байрны шинэчилсэн түр журмыг дагаж мөрдүүлэхтэй холбоотой мэдээллээр хангаж ажиллахыг даалгалаа.
Б.Эрдэнэ