“Эрдэнэс Тавантолгой” компани 2020 оны үйл ажиллагааны ашгаасаа ногдол ашиг тараахгүй хэмээн шийдвэрлэжээ. Тус компани өнгөрсөн жил хувьцаа бүхий иргэн тус бүрт 96 480 төгрөгийн ногдол ашиг хуваарилсан бол энэ жилийн хувьд Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт болон цахилгаан станцын төслүүдэд хөрөнгө оруулалт хийхээр шийдвэр гаргасан гэлээ.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн 85.2 хувийг төр, 14.75 хувийг Монгол Улсын 2.5 сая иргэн, 0.05 хувийг аж ахуй нэгжүүд тус тус эзэмшдэг бөгөөд ТУЗ-ийн гишүүд өнгөрсөн сард хуралдаж дээрх шийдвэрт хүрчээ.
Компани өнгөрсөн онд 1.6 их наяд төгрөгийн дүн бүхий 11.9 сая тонн нүүрсийг борлуулсан байна. Мөн сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 1.96 их наяд төгрөгийн татварыг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлээд байгаа аж.
Тус компани энэ оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд нийт 22 сая тн нүүрс олборлож, 21.2 сая тн нүүрс борлуулахаар тусгажээ. Тодруулбал, Цанхийн баруун уурхайгаас найман сая тн нүүрс олборлож, 7.67 сая тонныг борлуулах бол Цанхийн зүүн уурхайгаас 12 сая тонныг олборлож, 11,64 саяыг борлуулах аж. Мөн Бортээгийн уурхайгаас хоёр сая тонныг олборлон, 1.9 сая тонныг борлуулахаар төлөвлөөд байгаа юм.
Б.Эрдэнэ