Улаанбаатар хот дахь шинжилгээ авах цэгүүдийн талаар НЭМГ-ын дарга Б.Бямбадорж мэдээлэл хийлээ.
НЭМГ-ын дарга Б.Бямбадорж: Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар коронавируст халдварын идэвхтэй 19 голомтод нийт 2191 тохиолдол бүртгэгдсэн байна. Нийт шинжилгээнд хамрагдсан хүний тоо нэг сая 431 мянга давлаа. Хоёрдугаар сарын 23-наас хойш өдөр тутам суурин 14 цэгийг төвийн дүүргүүдэд ажиллуулж байгаа. Хоёрдугаар сарын 23-28-ны хооронд тус цэгүүдэд 6200-10100 хүн шинжилгээ өгч байсан. Нийслэлийн таван дүүрэгт таван PCR шинжилгээ хийх лаборатори ажиллаж, өдөрт 6 мянган сорьцыг шинжилж, үлдсэн сорьцуудыг лавлагаа төвүүдийн шинжилгээний лабораториудад илгээгээд ердийн горимоор ажиллаж байсан.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд шинжилгээ авах 22 цэг ажиллаж байна. Шинжилгээний цэгүүд дээр зөвхөн www.eruul.gerege.mn сайтаар цаг авсан иргэд үйлчлүүлэх ёстой. Өдөрт дунджаар нэг цэг дээр 644 иргэнд үйлчлэх хүчин чадалтай. Өдөрт нийт 22 цэгээр 14062 иргэнд үйлчлэх нөөц бололцоо байгаа боловч шинжилгээний цаг аваагүй иргэд цэгүүд дээр ирж байгаа учраас бөөгнөрөл үүсч, ачаалал нэмэгдэж байна. Иймээс иргэд шинжилгээ өгөх цагаа авч үйлчлүүлэхийг анхааруулж байна. Харин хөдөө орон нутаг руу нэн яаралтай явах шаардлагатай иргэдийг оочер дараалалгүйгээр шинжилгээнд хамруулж байгаа.
Л.Баяр