Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Шадар сайд С.Амарсайхан Засгийн хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийг танилцууллаа.
Шадар сайд С.Амарсайхан: “Халдварын нөхцөл байдал, вакцинжуулалтын байдлыг харгалзан тавдугаар сарын 1-нээс хилээ нээхээр судалж байна. Коронавирусийн халдварын тохиолдол буурахгүй байгаа энэ нөхцөлд хил нээх эсэх шийдвэр өөрчлөгдөх эсэх талаар эрсдэл багасаагүй, халдвар тархах эрсдэл өндөр байна.
УОК болон Засгийн газрын гаргасан шийдвэрийн хүрээнд зохих дүрэм журам, халдварын нөхцөл байдалд анхаарч байна. Бид бүхэн нийтээрээ анхаарч ажиллавал ирэх тавдугаар сарын 1-н гэхэд хилээ нээх боломж бүрдэнэ. Болгох талаас нь бүх бэлтгэлээ хангаж ажиллана. Үүнд бүх талын оролцоо чухал юм.
Эрүүл мэндийн сайдын тушаал, төлөвлөгөөний дагуу эрүүл мэнд, онцгой, цагдаа, хил гаалийн албан хаагчдад вакцин хийж эхэлсэн. Ойрын өдрүүдэд вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлнэ. Цаашид татан авах ажиллагааг нэмэгдүүлнэ. Цаг хугацааг түргэвчлэх тал дээр анхаарч ажиллаж байна.
Гэхдээ зарим зүйл нь биднээс шалтгаалахгүй байна. Үүнээс гадна PCR шинжилгээний үнэтэй холбоотой санал, гомдол ирж байна. Цаашид шинжилгээг богино хугацаанд гаргах шинэ шийдлийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Ирэх долоо хоногоос шүлснээс авдаг болохоор ажиллаж байна” гэлээ.
Б.Эрдэнэ