Гуравдугаар сарын 1-нээс халдваргүй бүс буюу коронавирусийн халдвар бүртгэгдээгүй аймаг, сумдын ЕБС-ийн танхимын хичээлийг эхлүүлсэн билээ.
Одоогийн байдлаар ерөнхий боловсролын сургуулиудын ирц 86 – 95 хувь байна. Үүнээс харахад сурагчид танхимын хичээлдээ хамрагдах хүсэл эрмэлзэл их байгаагийн зэрэгцээ сургуулиуд бэлэн байдлаа сайтар хангасан байна гэж эцэг, эхчүүд хүлээн авч байгаа нь ажиглагдаж байна гэж Боловсрол, шинжлэх ухааны яамны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Танхимын хичээлдээ суухаар хот хооронд 3,370 хүүхэд зорчиж байна. Мөн отрын бүс нутагт түр амьдарч буй 400 гаруй хүүхэд тухайн бүс нутгийнхаа сургуульд суралцаж байгаа. Жишээлбэл, Өвөрхангай аймгийн сургуульд суралцдаг хүүхэд гэр бүлийнхээ хамт отроор Говьсүмбэрт очсон бол тэр аймагтаа ерөнхий боловсролын сургуульд суралцаж болно. Урин цагт нутагтаа очиход сургуулиас нь хэд хоногт суралцсан тухай тэмдэглэл өгч байхаар зохицуулсан байна.
Л.Баяр