Өнөөдөр улсын хэмжээнд 43 мянган өрхийн 235 мянган иргэн хүнсний талон авч буй юм. Зорилтот бүлэгт хүрэх ёстой уг эрхийн бичиг яг эзэддээ хүрдэггүй гэсэн гомдол их гардаг. Учир нь хүнсний талонд хамрагддаг иргэдийн 30 хувь нь хувийн автомашинтай гэх судалгаа бий.
Иймд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хүнсний талоны журмыг шинэчлэн батлахаар боловсруулж буй гэнэ.
Тус журмыг шинэчилснээр малчин өрхүүдийн малын тооноос нь хамааран хүнсний талон олгох эсэхээ шийднэ гэдгийг ХНХЯ-наас мэдэгджээ. Үүнд 50-иас доош малтай өрхийг хүнсний талонд хамруулна. Өөрөөр хэлбэл, журмыг шинэчлэн баталбал хөдөө орон нутгийн иргэдийг малын тооноос нь хамаарч хүнсний талон олгох эсэхийг шийдвэрлэх юм.
Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны судагаагаар малчдын 23 хувь нь хүнсний бүтээгдэхүүн худалдан авах санхүүгийн чадваргүй байна гэх дүн гаргасан байдаг. Эдгээр малчид нь Архангай, Дундговь, Завхан аймгийнх юм. Тэд малаа зах зээлд борлуулж чадаагүй тул санхүүгийн хямралд орсон гэж дүгнэжээ.
Б.Эрдэнэ