Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр /2021.03.03/ 10.00 цагт Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Түвшинжаргал нарыг суллах өмгөөлөгчдийн хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар албан бус эх сурвалжийн мэдээллүүд цацагдаж эхлээд байна.

Ямартай ч одоогийн байдлаар шүүхийн шийдвэртэй холбоотой албаны эх сурвалжийн мэдээлэл гарч ирээгүй байна. Тиймээс албаны эх сурвалжаас шүүхийн шийдвэртэй холбоотой гаргаж буй мэдээллийг удахгүй хүргэх болно.

2021 оны хоёрдугаар сарын 26-нд өмгөөлөгч нараас гаргасан “Шүүгдэгч Ж.Эрдэнэбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай” хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад, татгалзаад байсан юм.

Хэргийг эргэн сануулахад, Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосон бумбын нуруун дахь XV-020922 дугаар бүхий тусгай зөвшөөрөлд хамаарах газрыг өөрийн болгосон гэж шүүхээс буруутгасан юм.

Харин Ж.Эрдэнэбат “Төрийн холбогдох байгууллагуудын судалгааг үндэслэн Засгийн газар шийдвэрээ гаргасан. Эл лиценз нь миний хамаарал бүхий компанид ч шилжээгүй, тэгээд ч лицензийг нь авсан компани хайгуул хийхэд нөөц нь тогтоогдоогүй тул улсад буцаан өгсөн байдаг” гэх тайлбарыг хийсээр ирсэн.

Өнгөрсөн оны долдугаар сард Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ж.Эрдэнэбатыг улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон, Б.Отгонбаатарыг бусадтай бүлэглэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон, Д.Түвшинжаргалыг мөн хамжигчаар оролцсон гэм буруутайд тус, тус тооцсон билээ.Улмаар Ж.Эрдэнэбатад 6, Б.Отгонбаатарт 6, Д.Түвшинжаргалд оноосон 5 жилийн хорих ялыг Улсын дээд шүүх үндэслэлгүй гэж үзэн прокурорт буцаан шийдвэрлэсэн юм.

 

Л.Баяр

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн