Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма сэтгүүлчийн асуултад хариуллаа.
-Иргэдийг вакцинжуулах ажил удаан байгаа талаар хүмүүс ярьж байна. Вакцинжуулалтыг богино хугацаанд хурдан хийх боломж байгаа юу. Нийслэлд үйл ажиллагаагаа явуулж байгаа эмнэлгийн байгууллагууддаа итгээд вакцинжуулалтыг хамтдаа зохион байгуулж хурдан явуулж болохгүй юу?
-Монгол Улс эхний ээлжийн 150 мянган тун вакциныг хүлээн авсан байгаа. Энэ вакциныг бид эрэмбэлэлтийн дагуу халдварын эрсдэлд өртөх ажил мэргэжлийн хүмүүс болон үйл ажиллагааг тасралтгүй авч явах шаардлагатай аж ахуй нэгж байгууллагын хүмүүсийг шат дараатайгаар вакцинжуулалт явагдаж байна. Одоогийн байдлаар 11 мянга гаруй хүн вакцинжуулалтад хамрагдсан байна. Өрхийн эрүүл мэндийн эмч мэргэжилтнүүд ажиллаж байгаа. Тэгэхдээ өрхийн эрүүл мэндийн төв дээр үндсэн тусламж үйлчилгээ явагдаж байгаа учраас нөхцөл байдалтай уялдуулж эрүүл мэндийн төвүүд дээр дархлаажуулалтын цэгүүдийг байгуулж зохион байгуулалттай хийж байна. Өдөрт хэт удаашралтай байна гэдэг асуудал нь цар тахлын үед хүн хоорондын зай барих, вакцинжуулалтын дараа тодорхой хугацаанд тухай иргэнийг ажиглаж хянах зэрэг дээр хугацаа орж байгаа учраас өдөр мянга гаруй хүнийг хамруулаад явж байгаа. Цаашдаа вакцинжуулах хүний тоо нэмэгдэх тусам дархлаажуулалтын цэгүүдийг нэмэгдүүлж, хурдыг нэмэгдүүлнэ.
Л.Баяр