Халдварын эх уурхай тодорхойгүй мэр сэр халдварууд сүүлийн үед илэрч байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Өнгөрсөн баасан гарагт “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний явцад нэг хүн, бямба гарагт мөн нэг хүнээс коронавируст халдвар илрээд байсан бол өнөөдөр зургаан хүнээс шинээр халдвар илэрч, тухайн хүмүүсийн халдварын эх уурхай, хавьтлыг судлах ажлыг хийж байгаа талаар ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа мэдэгдлээ.
Тодруулбал, дотооддоо халдвар авсан 40 тохиолдлоос 20 хүн нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээгээр халдвар илэрсэн хүмүүсийн хавьтал, 14 хүн хяналтад авсан голомтын ойрын хавьтлын тандалтаар илэрсэн. Зургаан хүний халдварын эх уурхай, хавьтал тодорхойлох судалгаа хийгдэж байгаа талаар тодотгон хэлсэн.
Мөн тэрбээр “Тохиолдлын тоо буурахгүй байна. Дээрээс нь халдварын нөхцөл байдлыг илэрхийлдэг үзүүлэлтүүд төдийлөн сайжрахгүй байгаа тул үйлдвэр үйлчилгээ хэвийн ажиллаж эхэлсэн энэ үед иргэдийг юу юунаас өмнө дэглэмээ сайн барих хэрэгтэй байгааг анхаарууллаа. Амны хаалтаа тогтмол зүүх, ялангуяа байгууллагын ажилчид ажлын байрандаа ч гэсэн амны хаалттай байх, өрөөндөө тогтмол агаар сэлгэлт хийх, бие биенээсээ зай барих гэх мэт зөвлөмжийг сайн мөрдөх хэрэгтэй байгааг анхааруулан хэллээ.
Н.Батаа