Цахим технологийн дэвшлийн үр нөлөөгөөр өнөө цагт мэдээлэл хүлээн авах, дамжуулах, мэдээллийг бэлтгэх, түгээх үйл явц бүхэлдээ өөрчлөгдсөн.
Энд олон сайн тал бий боловч зарим талаар сөрөг үр дагавар үүсэж байна. Тухайлбал, хуурамч, өрөөсгөл, бүрэн бус, тодорхой ашиг сонирхлын зүгээс түгээсэн асар их мэдээлэл хэрэглэгчдэд хүрч байна.
Тийм учраас мэдээллийг ялгаж таньдаг, шүүн тунгааж ашигладаг, тухайн мэдээллийн эх сурвалжийг нягталж шалгадаг зан дадал бүхий хэрэглэгчийг төлөвшүүлэх зүй ёсны шаардлага үүсээд байгаа. Өөрөөр хэлбэл, хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол нэн тэргүүнд шаардагдаж байна. Энэ нь шаардлагатай мэдээллийг хаанаас олж авах, мэдээллийн хэрэгсэл нийтийн соёл, үзэл бодлыг хэрхэн бүрдүүлж хувь хүний сонголтод хэрхэн нөлөөлдөг зэргийг мэдэхийн хажуугаар интернэт хэрэглэж сурах, цахим ертөнцөд хувийн нууцаа хадгалах чадвартай байх зэрэг олон асуудлыг хамарна.
Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол нь:
Мэдээлэл хүртэх, олж авах: Өөрийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх болон мэдээллийн хэрэгслүүдийн талаар ойлголттой болох, мэдээлэл хайх, олж авах зэрэг ойлголтууд
Мэдээллийг шүүн тунгаах: Олж авсан мэдээллийнхээ зорилгыг ойлгох, үнэн зөвийг шүүн тунгаах, хуурамч мэдээг таних, нягтлах чадвартай болох, мэдээлэл бидэнд болон нийгэмд хэрхэн нөлөөлдөг болохыг ойлгох, ингэснээрээ сөрөг үр дагавруудаас сэргийлэх
Мэдээллийг бүтээх: Техник технологи болон интернэтийн тусламжтай хүн бүр мэдээ нийтлэгч болох боломжтой болсон энэ үед бичиг, зураг, дүрс бичлэг гэх мэт бүх төрлийн мэдээллийг ёс зүйтэйгээр бүтээх, өөрийн цахим аюулгүй байдлаа хангах, ингэснээр цахим гадуурхал, цахим гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх, өөрийгөө хамгаалах чадамжтай болох зэрэг хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын тулгуур ойлголтуудыг түгээх үндсэн зорилготой.
ХБНГУ-ын Дойче Велле Академийн дэмжлэгтэйгээр Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, Хэвлэлийн Хүрээлэн, Гэрэлт Цамхаг Сан ТББ хамтран хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын ач холбогдлыг таниулан, хүлээн авсан мэдээллээ шүүн тунгаах, үр дүнтэйгээр ашиглах, ёс зүйтэй, үнэн зөв мэдээллийг бүтээх, түгээх гэх мэт мэдээллийн эрин зуунд шаардагдах ур чадваруудыг бүх нийтэд эзэмшүүлэх зорилготойгоор #mil4edu нийгмийн сүлжээний кампанит ажлыг эхлүүлээд байна.
Уг ажлын хүрээнд Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролыг ард иргэдэд суртчилан таниулах цуврал мэдээлэл, танхимын болон цахим сургалтыг үе шаттайгаар зохион байгуулна.
Дэлгэрэнгүй мэдээллийг
https://www.facebook.com/farofoundation
https://www.facebook.com/Mongolian-Education-Alliance-600385233319732
https://www.facebook.com/PressInstituteMongolia байгууллагуудын фейсбүүк хуудсуудаас авах боломжтой.