Иргэн Г.Загдаа нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлээ.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Г.Загдаад 6 жил 2 сар, түүний эхнэр Г.Амарсайханд нэг жилийн хорих ял оноосон.
Г.Загдааг:
- Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.3 /Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэх/
тус хуулийн 11.7-р зүйлийн 2.1 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн/ дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял - 23.1 дүгээр зүйлийн 1 /Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн/
- 11.6 дугаар зүйлийн 2 /Хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах/ хэрэгт буруутай гэж үзэж, 900,000 төгрөгөөр торгож, 15 нэгжийг 1 хоногоор тооцож 60 хоног буюу 2 сарын хугацаагаар хорих ял, нийт эдлэх ялыг 6 жил 60 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн.
Г.Амарсайханг: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн/ дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх шийдвэр гаргасан юм.
Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар уг шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн байна.
Хэргийг эргэн сануулахад: “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдааг бусдыг удаа дараа хүчирхийлсэн, эхнэртэйгээ нийлэн хууль сахиулагчийн ажилд саад учруулсан гэх хэрэгт буруутгаж, иргэн Д.Халиунаагийн гомдлоор Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс Г.Загдаад хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.
Дөрөвдүгээр сарын 9-нд иргэн Д.Халиунаа мэдээлэл хийх үеэр “Г.Загдаа намайг гурав хоног дараалж хүчирхийлж байсан. Хүүхдээр минь сүрдүүлж, заналхийлдэг байсан. Би худал ярьсан бол хариуцлагаа хүлээнэ. Би цагдаагийн байгууллагад өргөдөл өгнө” хэмээн мэдэгдсэн.
Л.Баяр