КОВИД-19 халдварын эсрэг дархлаажуулалтын ажил өнөөдрөөс эхэлж байгаа. Эхний ээлжинд төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 56 мянган ажилтан, КОВИД-19 халдварын эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй цагдаа, онцгой төрийн албан хаагчдыг дархлаажуулалтад хамруулна гэдгийг ЭМ-ийн сайд өнөөдөр вакцин хийлгэх үеэрээ хэлж, эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудыг дархлаажуулалтад хамрагдахыг уриалсан.
ДЭМБ-аас албан ёсоор Pfizer, АstraZeneca вакциныг албан ёсоор бүртгэж авсан бөгөөд манай улсын хувьд өчигдөр өглөө Энэтхэг Улсад үйлдвэрлэсэн AstraZeneca компанийн Covishield вакцины 150,000 тунг тусламжаар хүлээн авсан юм.
Хүн амынхаа 60%-ийг коронавирусийн эсрэг вакцинжуулалтад бүрэн хамруулахаар Засгийн газар төлөвлөсөн бөгөөд одоогоор БНЭУ-аас 150 мянган хүн тун Covishield вакцин, БНХАУ-аас 300 мянган хүн тун Синофарм вакциныг хүлээн аваад байна.
Л.Баяр