Британичууд eBay-ээс орхигдсон илгээмжийг их хэмжээгээр худалдан авдаг. Хамгийн гол нь худалдан авагчид илгээмж дотор юу байгааг огт мэдэхгүй, сохроор авдаг байна.
Хайрцаг дотор цоо шинэ айфон гар утаснаас гадна хямдхан футболк ч гарч ирэх нь бий. Ийм илгээмжүүдийг задалж, гаргаж ирж байгаа бичлэгүүд олон нийтийн сүлжээгээр трэнд болжээ.
The Daily Mail-ын мэдээлснээр Британид цар тахалтай холбоотой хөл хорио эхэлсэн цагаас хойш 7,5 сая орчим илгээмж хулгайлагдсан буюу алдагдсан байна. Хөл хорионы үеэр олон британи онлайн худалдаанд шилжсэнээс болоод шуудангийн операторуудын ачаалал нэмэгдэж, тэр хэрээр гээгдсэн илгээмжийн тоо ч өсжээ.
Гэхдээ зарим хүлээн авагчид өөрсдийнхөө эд зүйлийн eBay, Gumtree, Facebook-ийн зарын хуудаснаас олж чаддаг байна. Ийм илгээмжүүдийг #mysterypackage хэштегээр олж болдог.
Харин эзэн нь тодорхойгүйг сонирхсон хүмүүс худалдан авдаг байна. The Daily Mail-ын сэтгүүлчид гээгдсэн гэх нэг илгээмжийг 360 паундаар худалдан авч үзжээ. Гэтэл дотор нь 33 гигабайтын санах ой бүхий карттай Sony Xperia X гар утас гарч ирсэн гэнэ. Энэ нь ойролцоогоор 80-100 паундын үнэтэй.
Түүнчлэн илгээмжээс кофе чанагч, Хималайн давс, хямдхан уруулын будаг, хувцас гарч ирсэн байна. Сэтгүүлчид энэ илгээмжийг 200 паундаар үнэлжээ. Өөрөөр хэлбэл тэд төлсөн үнээсээ 160 паундаар хямд эд зүйлс худалдан авсан гэсэн үг. Өөр нэг илгээмжид Marvel-ын комиксууд, «Хүчирхэг рейнжер»-үүдтэй тоглоом л гарч иржээ.
The Daily Mail-д бичсэнээр олонх “оньсого мэт” илгээмж Хятадаас ирдэг гэнэ. Тэдгээрт ихэвчлэн хямдхан хуванцар тоглоом, заримд нь Доналд Трампын царайтай чихмэл бамбарууш ч гарч ирдэг байна. Ийм илгээмж ихэнхдээ 10 паундаас хэтрэхгүй ч 10-20 дахин үнэтэй зардаг байна.
The Daily Mail-ыг мэдээллээр Их Британид Хятадаас долоо хоногт нэг сая орчим илгээмж ирдэг аж. Үүнээс 1000-аадыг нь хаяг, мэдээлэл буруу зэргээс болоод хүргэж чаддаггүй байна. Харин эдгээрийг Хятад руу буцаавал хэтэрхий үнэтэй учраас дуудлага худалдаанд оруулдаг.
Гэхдээ Британийн шуудангийн салбарын операторууд гээгдсэн, алдагдсан илгээмжийг интернэтэд дуудлага худалдаанд тавьдгийг үгүйсгэжээ. Тэд хүргэж чадаагүй илгээмжүүдээ дотор нь юу байгааг нь мэдэхгүйгээр хэзээ ч дуудлага худалдаанд тавьж байгаагүй гэсэн байна. Хямд үнэтэй илгээмжүүдийг дуудлага худалдаанд оруулахаас өмнө шатаадаг гэжээ.