Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид нуурын мөсөнд цөмөрч осолдсон ачааны машиныг татан гаргалаа.
Тухайн ЗИЛ-130 маркийн автомашин нь Цэнгэл сумын долдугаар багийн нутаг дэвсгэрт орших Шар нуурын мөсөн дээгүүр зорчиж явжээ. Улмаар нуурын эргээсээ 130 метр зайтай мөсөнд арын 2 дугуй бүтэн орж осолджээ. Ослын улмаас хүний амь, эрүүл мэндэд ямар нэгэн хохирол учраагүй аж.
Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн захирагчаар ахлуулсан онцгой байдлын 13, цагдаагийн 1 алба хаагч, жолоочийн ар гэрээс 10 хүн ажиллаж, автомашиныг татан гаргажээ.
Иймд цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явах, тээвэр хийхгүй байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Баян-Өлгий аймаг : МОНЦАМЭ